Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд нийт найман өрхөөс дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордлоо гэх дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан очиж шалгалт хийхэд яндангийн сойлтоо хаасан, зуух ханан пийшингийн холбоос засвартай, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, үнс дүүрсэн зэрэг иргэдийн өөрсдийн аюулгүй байдлаа хангаагүй байдлаас үүдэж угаарын хийнд хордох шалтгаан болж байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ.
Тэрбээр “Өчигдөр нийгмийн сүлжээгээр нэр бүхий эмэгтэй төрийн гурван өндөрлөгийн өгсөн үүргийн дагуу нийслэлийн Онцгой комисс маш нууцаар хуралдаж дайн бүхий байдалд шилжиж байна зах худалдааны төвүүд хаагдах учраас хоёр гурван сарын хүнсний хэрэглээг авч нөөцлөөрэй, Хөвсгөл аймагт коронавирусийн тохиолдол илэрсэн нь батлагдсан байна гэх зэрэг худал мэдээллийг цацсан. Монгол Улсын ерөнхийлөгч болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор цагаан сарыг тэмдэглэхгүй байх зарлиг гаргасан. Энэ хүрээнд нийслэлийн Онцгой комисс нээлттэй хуралдаж эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг ярилцаж хуралдсан. Онц байдал зарлаагүй, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллаж байгааг дайн байлдаантай холбож иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч байна. Өндөржүүлсэн бэлэн байдал бол тусгай горимд шилжиж ажиллахыг хэлж байгаа учраас ард иргэд айж сандрах хэрэггүй” гэв. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар болзошгүй гамшгийн үед түр цугларах, газрын байршлын тоог нэмж 193 болгосон. Энд зөвхөн дадлага сургуулилт хийгдэх болно гэдгийг нэмж тайлбарласан юм.
Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байгаа. Өнгөрсөн өдрүүдэд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад 175 кг түүхий нүүрс тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж холбогдох арга хэмжээг авч ажилласан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил мэдээллээ. Агаарын бохирдлын хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Нийслэлийн ЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх “Шинэ коронавирус өвчлөлд сүүлийн 24 цагийн дотор шинэ тохиолдол бүртгэгдсэн улс орон алга. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад короновирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүйг албан ёсоор мэдэгдье. Гадаад улс орноор дамжин орж ирсэн иргэдийн ХӨСҮТ-д тусгаарлаж тандалт судалгаа хийж байгаа. Шинжилгээний хариу эхнээсээ гарч байгаа иргэдийн биеийн байдал хэвийн” хэмээн хэллээ.
Цахим орчинд худал мэдээлэл тарааж нийгэмд эмх замбараагүй үүсгэхээс сэргийлж хэвлэл мэдээллийн байгууллагууд эх сурвалжтай, бодитой мэдээллийг олон нийтэд хүргэхийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар уриаллаа. Тэрбээр “Нийслэлийн Онцгой комисс нууцаар хуралдсан гэх асуудлаар сэтгүүлчид хандаж байна. Хуралдааны талаар нийслэлийн мэдээ пэйж хуудсаар шууд мэдээлсэн та бүхэн үзэж болно. Цаашид худал мэдээ мэдээлэл тарааж, нийгэмд зориуд эмх замбараагүй байдал үүсгэсэн иргэдэд Зөрчлийн хуулиар холбогдох арга хэмжээ авахыг сануулж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс бүх мэдээллийг нээлттэй өгнө” гэлээ. Түүнчлэн шинэ төрлийн вирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн хувийн ариун цэврийг сайтар хангаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон олон нийтийн дунд нус цэрээ хаяж, ил задгай бие засахгүй байхыг албаныхан уриаллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.