Шадар сайдаар ахлуулсан шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна

86261203_2571023436510907_8189816632705548288_n.jpg

Зарим аймагт өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Булган, Хөвсгөл, Завхан, Увс аймгуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна.

Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх Л.Саянаа, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Топан Мишра, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица  болон Эрүүл мэндийн яам, ХХААХҮЯ, ОБЕГ-ын холбогдох удирдах албан тушаалтнууд багтаж байгаа бөгөөд өнөөдөр Орхон, Булган аймагт ажиллалаа.

Орхон аймгийн хувьд мал бүхий 1100  орчим малчин өрхөд 135  мянган толгой мал өвөлжиж байна. Энэ жил 8000 тонн хадлан тэжээл бэлтгэсэн. 580 мянган толгой мал төллөх юм байна. Сумдын хэмжээнд цас ихтэй байгаагаас хаваржилт хүндрэх төлөвтэй, аймгаас бэлтгэсэн аюулгүйн нөөцийг хэрэглэж дууссан тул мал төллөх үеэр малчдад улсын нөөцөөс өвс олгох хүсэлтэй байгаагаа аймгийн Онцгой комиссын гишүүд Шадар сайдад уламжилж байлаа.

Булган аймгийн хувьд  2019-2020 онд 16 сум, 1 тосгон, 75 багийн 8,5 мянган малчин өрхөд 3,6 сая мал өвөлжиж хаваржиж байна.

Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Могод сумдад Өвөрхангай, Архангай, Дундговь, Төв аймгийн буюу нийт 4 аймгийн 19 сумын 423 малчин өрхийн 340,9 мянган толгой мал отроор өвөлжиж байна.

Өвс тэжээлийн нөөц дуусч байгаа тул 500 тонн өвс, 100 тонн тэжээлийн дэмжлэг үзүүлэх, отроор ирсэн айлуудад эрүүл мэндийн болон малын хулгай зэрэг гэмт хэргийн дуудлага, үйлчилгээ үзүүлэхэд түлш, шатахууны зардал ихээр гарч байгаа тул 20 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Дулааны станцыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч, орон нутгийн мэдэлд ажиллуулах, Сайхан сумын нутагт орших Илчит металл ХХК-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагааг сэргээж, тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг санал, хүсэлтийг аймгийн удирдлагын зүгээс тавилаа.

Мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймаг, орон нутгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдлын талаар мэдээллийг шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд танилцууллаа.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, аймгийн Засаг дарга сум, багийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад цаг үеийн асуудлаар тухай бүр үүрэг чиглэл өгч, хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах,

  • Гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаатай холбоотой зардлыг эхний ээлжинд Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулах, малчдад шаардлагатай өвс, тэжээлийг өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан худалдан авах ,
  • Малчдад төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тухай бүр шуурхай хүргэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах,
  • Аймаг, орон нутгийн хүн амд шинэ коронавирус болон шувууны томуугийн H5N1 халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн дэглэмийг баримтлах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөд онцгой анхаарч ажиллах,
  • Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар ухуулга, сурталчилгаа зохион байгуулах, томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбогдуулан олон нийтэд хандсан зөвлөгөө, зөвлөмж, сэрэмжлүүлэх мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол өгөх,
  • ХӨСҮТ-өөс гаргасан стандартын дагуу аймаг, орон нутагтаа оёдлын цех, үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, амны хаалт үйлдвэрлэх,

Халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтын асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах зэрэг үүрэг, чиглэлийг аймаг, орон нутгийн удирдлагуудад өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

scroll to top