Хүүхэд гэр, гудамж, тоглоомын талбай, цэцэрлэг, ой, дэлгүүр, үзвэрийн газар гээд янз бүрийн орчинд өсөж, суралцдаг. Дөрөв хүртэлх насны хүүхдэд гэр нь хамгийн “аюултай”. Түлэгдэх, унаж бэртэх, эм, ахуйн бодист хордох гээд золгүй тохиолдлыг тоочоод баршгүй. Эл бүгдээс хамгийн сайн хамгаалах арга бол хүүхдийг нэг ч секунд хараа хяналтгүй орхихгүй байх явдал юм.
Скандинавын орнуудад орнуудад хүүхдийг бурханчлан үзэж, алдаа гаргавал эцэг, эх нь эвээр хэлж өгдөг. Хүүхдийг аль болох чөлөөтэй байлгахдаа аюулгүй орчныг бүрдүүлэх гол зарчмыг баримталдаг. Ингэхдээ хүүхдээ багаас нь насаар ялгаварлахгүй, эрх тэгш байлгах, эрх, үүрэг тэнцүү байдгийг ойлгуулдаг. Тоглоомын аргаар хүүхдийг сургахдаа нийгэмд биеэ хэрхэн авч явахыг зан байдлын тодорхой жишээн дээр үзүүлдэг. Тус бүс нутгийн орнуудаас хүүхдэд хамгийн их анхаардаг Финландад олон нийтийн газар бүрт багачуудын хэрэгцээг хангах хэрэгсэл бий. Тухайлбал, хүүхэд хөхүүлэх, саатуулж тоглуулах газар, зоогийн газарт тэдэнд зориулсан хоолны цэс, бас нас, биед нь тохирсон ширээ, сандалтай байдаг.
Францад хүмүүжсэн хүүхэд эрт бие даадаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд гэртээ ганцаараа байж, сургуульдаа харгалзах хүнгүй явж, дэлгүүрт худалдаа хийхийг зөвшөөрдөг. Залуу эхчүүд ихэвчлэн хүүхдээ цэцэрлэгт өгөөд, ажилдаа явдаг. Дуртай зүйлийг нь хязгаарлахаас өөр шийтгэл дуулгаваргүй хүүхдэд оноодоггүй.
Германд хүүхдийг гурван нас хүртэл гэрт нь хүмүүжүүлдэг. Дараа нь цэцэрлэгт өгөхийн өмнө эцэг, эхчүүд хүүхдээ долоо хоногт нэг удаа хөгжлийн төвийн сургалтад хамруулна. Энд хүүхэд үе тэнгийнхэн, нийгэмшихэд туслах багштайгаа тоглож дасдаг. Үүний дараа хүүхэд цэцэрлэгт явж, хэдийн олж авсан туршлагаа хөгжүүлдэг гэнэ. Тус улсад хамгийн гол нь хүүхэд эрх чөлөөтэй, өөртөө итгэлтэй болж хүмүүжих ёстой аж.
Италид хүүхдийг байнга магтаж, урамшуулах ёстой гэсэн зарчим баримталдаг. Ихэвчлэн өнөр өтгөн гэр бүлтэй учир тус улсад хүүхэд цэцэрлэгт явна гэсэн ойлголт бараг байхгүй. Тэгвэл Британийн хүүхдүүд биеэ сайн авч явахад голчлон анхаардаг. Хоёр наснаас ширээнд сууж, олны дунд биеэ зөв авч явах, сэтгэл хөдлөлөө барихад сургадаг. 30-40 насанд гэр бүлээ төлөвлөдөг британичууд хайрлаж байгаагаа ил үзүүлэхгүй, хүүхдэд том хүн шиг шаардлага тавьдгаараа онцлогтой.
Азийн орнуудын тухайд гэвэл манай урд хөршид хүүхдийг хөхнөөс эрт гаргаж, бараг л төрсөн цагаас нь цэцэрлэгт явуулдаг. Тэнд хооллох, тоглох, унтах гээд нарийн дэгт суралцдаг. Ахмадаа хүндэтгэж, хамт олон дунд биеэ зөв авч явах, харилцан тусалдаг, сахилгатай байх, хөдөлмөрт дуртай, хүлээцтэй болоход суралцахыг хамгийн чухалд тооцдог. Японд эцэг, эхийн боловсролын түвшнийг чухалчилдаг. Энэ нь хүүхэд амжилттай суралцах гол үндэс гэж үздэг. Тиймээс уншиж, бичихийг хүүхдэд багш бус, ээж нь заадаг. Хүүхэд өвдөхөд ээж нь хичээлд нь сууж, дараа нь заадаг. Хүүхдийн өрөө ихэвчлэн хоёрдугаар давхарт байдаг ч тэнд нь тусламж дуудах товчлуур, эсвэл утас заавал байлгадаг. Сургуулийн өмнөх насны хүүхэдтэй эцэг, эхэд зориулсан 50 орчим сэтгүүл тус улсад хэвлэдэг. Бага насны хүүхэдтэй эхчүүдийг аль болох ажил хийлгэдэггүй уламжлал Японд эртнээс тогтжээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин