Шадар сайд Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцав

81865448-C393-46BC-B36F-1ABCB5EBADDB-scaled.jpeg

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд ажиллах үеэрээ тус сумын Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор байгуулагдсан тус анги нь 25 алба хаагчтайгаар Цагаан-Уул, Цэцэрлэг, Бүрэнтогтох, Баянзүрх сумдад гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Цагаан-Уул сум нь 6000 гаруй хүн амтай бөгөөд иргэдээс ахуйн гал түймэр, автомашинтай цасанд суух, шуурганд уруудах зэрэг эрэн хайх ажиллагааны дуудлага зонхилон ирдэг.

Гал унтраах үндсэн болон шуурхай албаны 6 автомашинтай. Тус ангийн барилга нь хуучин дезиль станцын обьект бөгөөд алба хаагчид сум, орон нутгийн дэмжлэг, өөрсдийн нөөц бололцоог ашиглан сэргээн засварлаж, барилгыг хоёр давхарлан өрөө тасалгааг нэмж, дулаанд холбох, автомашины грааш барих зэрэг тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийсэн байна.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин сайшаан, аймаг, орон нутгийн удирдлага болон алба хаагчдад баяр хүргэж, амжилт хүсээд автомашин, техник хэрэгслийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ.

Мөн аймгийн Засаг дарга Л.Ганболд тус ангийн үйл ажиллагаанд 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top