Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон  Дархадын хотгор,  Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Хүрэн Бэлчир орчим,  Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хэрлэн голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21,23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн уулархаг нутгаар , 21-нд ихэнх нутгаар, 22, 23-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Зүүн дэнжийн 3 дугаар гудамжинд иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 13:28 цагт очиж, 21 минут ажиллаж унтраасан.        

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24 дүгээр гудамжинд иргэн Д, Г нарын 2 байшингийн дээвэр, хана шатаж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 03:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 03:39 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын 720 дугаар байрны 8 давхарт тагтнаас хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 02.19-ний өдрийн 05:14 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 12 км замыг туулан 05:29 цагт очиж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны харьяат иргэн А /24 настай, эрэгтэй/-тай ярилцлага хийн буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Цэдэвт хүлээлгэн өгсөн.

Цогцос гаргах: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Дүүхээ-2” төвийн хойд талын дулаан дамжуулах шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 20:52 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9 км замыг туулан 21:12 цагт очиж, Сонгинхайрхан дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн Б /39 настай, эрэгтэй/-ийн цогцсыг аврах олс ашиглан 5 минут ажиллан гаргаж, цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Чингист шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top