Төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгов

ec145-securite-civile-14-1-6s8tom1d8foe2h8ah2aaccgzmb5mr425b6caatr4xts.jpg

      Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2020.02.19/ Онцгой байдлын ерөнхий газар Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олголоо.

Төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нисэх нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх 3 эмчийг сургаж бэлтгэнэ. Энэ хүрээнд агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 T-1 загварын 3 нисдэг тэрэг, нисэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор, нисдэг тэрэг байрлах ангар, шатахуун цэнэглэх станц нийлүүлэгдэх юм.

Нисэх төхөөрөмжийг  ой, хээрийн гал түймэр унтраах, түймрийн голомтод шуурхай бүлэг илгээх, иргэд төөрөх, сураггүй болох үед агаараас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, үер, уснаас болон өндөр барилга, байгууламжаас нэрвэгдэгчдийг аврах, авто болон үйлдвэрийн ослоос хүнд бэртэж гэмтсэн нэрвэгдэгчийг болоод ослоос үүдэлтэй өвчтөний хүндрэлийн үед эмнэлгийн байгууллагад яаралтай тээвэрлэн хүргэх зэргээр ашиглах юм.  

Мөн энэхүү төсөл хэрэгжснээр хэт хүйтний нөхцөлд гал түймэр унтраах, нефтийн бүтээгдэхүүн түүнийг хадгалдаг агуулах болон онц чухал обьектын гал түймэр унтраах 42 нэгж тусгай зориулалтын шинэ автомашинууд нийлүүлэгдэнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top