Үхлийн тахлаас ухамсар л аварна

3-19-810x500-1.jpg

Г.ХОРОЛ

“Covid-19”/шинэ коронавирус/-ын халдвараас сэргийлж Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг бүх боомтуудаа хааж, агаар, төмөр зам, авто замын тээврийг бүрэн зогсоосон ч өдөр тутамд  уг өвчний сэжигтэй тохиолдлууд бүртгэгдэж, тусгаарлагдах болсон нь аюул хэдийд ч нөмөрч болзошгүйг анхааруулж  буй дохио юм. Хэдийгээр сэжигтэй тохиолдлууд нь одоогоор шинжилгээгээр үгүйсгэгдэж, сөрөг гарсан нь монголчуудын хувьд сайн мэдээ ч дэлхий дахинд “Covid-19”-ын халдвараар 75199 хүн өвчилж, 2009 иргэн  амь насаа алдаад байгаа нь тайвшрах цаг болоогүй гэсэн үг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-ын зөвлөснөөр эл өвчнөөс сэргийлэхэд хүн бүр ариун цэвэр сахиж, эрсдэлтэй бүс нутаг руу зорчихгүй байх. Гэтэл анхааруулсаар байтал монголчууд тахал дэгдсэн Хятад улс руу зорчин хэнэггүйтсээр…

Гадаад харилцааны яамны мэдээгээр хил хааснаас хойш Хятадаас Монголын 330 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Өмнөд хөршид амьдарч, суралцаж байсан нь Монголдоо ирэх хүсэлт гаргасан гэсэн ч зарим нь хувийн ажил хөөцөлдөж явахад хил хааснаар “түгжигдсэн” гэдэг мэдээлэл ч бий юм.

Уг нь Засгийн газраас тодорхой хугацаа зааж, хил хаахаас өмнө эх орондоо ороод ирээрэй гэх мэдээлэл цацаж, төсвөөс зардал гарган, Эрээн-Замын-Үүд боомтоор дамжуулан автобусаар 600 гаруй иргэнээ татан авсан. Мөн Гадаад харилцааны яам Хятад улс дахь Элчин сайдын яам, консулын газраар дамжуулан, Монголдоо ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэсэн. Гэтэл хэнэггүй зан нь дийлэв үү гэлтэй, хил хаасны дараа л сая сэхээ авч Монголдоо буцаж ирэх асуудлыг тавьж байна.

Муу амлаж байж болох ч хилийн дээс алхаад ирсэн хойно нэгнээс нь “Covid-19” вирус илэрвэл яах вэ.  Улсын Онцгой комиссоос байгуулагдсан ажлын хэсгийн судалгаагаар “Covid-19”-ын халдвар Монгол Улсад зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл маш өндөр байна.

Хэнэггүй, хэсмэл зан бүхэл бүтэн үндэстний аюулгүй байдлыг хөндөж байгааг саяхан БНХАУ-ын Эрээн, Бээжин хотоор зорчоод Монголд орж ирсэн Баян-Өлгий аймгийн иргэний үйлдлээс харагдсан.  Эрсдэлээс хүн ардаа хамгаалахын тулд эмч нар мөрдөн байцаагчийн ажил хийж, хаана, хэдэн хүнтэй автобусаар зорчив гэдгээс эхлээд бүх л хүний судалгааг гарган, мөшгөхөөс аргагүй болсон.  Өөрөөр хэлбэл,  хүн бүр өөрийгөө эрсдэлээс хамгаалж байж гэр бүлээ, цаашлаад бусдыг хамгаалах юм гэдгийг ухамсарлахгүй л бол халдвар тойроод гарна гэхэд бэрх байна.

Нийслэлээс өдөр алгасалгүй шахам гудамж, талбайд нус, цэр, шүлсээ хаяхгүй байхыг сануулж, захирамж зөрчвөл хариуцлага хүлээлгэнэ гэсэн ч үл тоож, 1800 иргэн торгуулжээ.  Гудамж талбайд хаясан шүлс, нус, цэр хөрсөнд шингэхээрээ амьсгалын замаар халдварладаг ханиад томуунаас эхлээд сүрьеэ,  “Covid-19” үржих аюултай ч бохир үйлдлээ хянасангүй.

Удахгүй сар шинийн баяр болно. Энэхүү баярыг гэр бүлийн хүрээнд ёсчлоод л өнгөрөхгүй бол өмнөх жилүүдийнх шигээ айл, айл хэсэн, хөдөө хотгүй хөндлөн гулд явбал Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосны хэрэг гарахгүй. Эмч нар ч хүрэлцэхгүй.

Монголын эрүүл мэндийн салбарын чадамж ямар билээ. Томуу, томуу төст өвчин дэгдэхэд хүүхдүүдээ эмнэлэг нь тасагтаа багтааж дийлэхгүй, эмч нар нь өрөөгөө сулладаг ч хүрэлцдэггүй, эцэс сүүлдээ коридортоо хэвтэн эмчлэхээс аргагүйд хүрдэг.

Томуугийн дэгдэлт буураагүй үед “Covid-19”-ын халдвар бүртгэгдвэл маш хүнд. Иймээс хүн бүр ухамсартай байж, аюулт өвчнөөс сэргийлэх дэглэмийг өдөр бүр алгасалгүй мөрдөх л шаардлага байна.

Дэглэм мөрдөөгүй цагт хэчнээн ч хөрөнгө гаргаад өвчнийг дийлдэггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд өмнөд хөршөөсөө хангалттай харлаа шүү дээ.

Дэлхий дахин энэ өвчнийг дарангуйлах вакцин гаргахаар ажилласан ч хамгийн багадаа зургаан сар хүлээх болж буй. Хүн дээр туршилт хийн нэвтрүүлэхэд эл хугацаа зөв үү гэдэг дээр эргэлзээ ч дагуулсаар байна. Вакцин битгий хэл маскныхаа хэрэгцээг дотоодоосоо хангаж чадахгүй импортолдог Монгол Улсын хувьд маш том эрсдэл. Иймээс сүржигнэлээ гэж бодолгүй, дор бүрнээ ухамсартай хандаж, аюулт өвчнөөс сэргийлэхгүй бол “Covid-19” босгоны цаахна отож байна шүү.

Эх сурвалж: news.mn

scroll to top