Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгийн зарим хэсгээр ялимгүй цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндий, Хөвсгөлийн уулсаар 13-18 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир орчим, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд  баруун  болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23, 26-нд зарим газраар, 24-нд говь талын нутгаар, 25-нд нутгийн өмнөд хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

 Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн 14 дүгээр гудамжинд иргэн Б-ийн хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 06:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 06:44 цагт очиж, 1.1 тн өвс шатаж байсныг 56 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрхийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 07:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 07:57 цагт очиж, иргэн Б-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 44 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-нй өдрийн 11:22 цагт хүлээн авсан. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 11:31 цагт очиж, иргэн Б-ын 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 23:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 14 км замыг туулан 23:26 цагт очиж, иргэн Б-ын 5х7 метрийн хэмжээтэй байшингийн тааз, дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагын 19 дүгээр гудамжинд граж шатаж байна гэсэн дуудлагыг 02.22-ны өдрийн 04:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 04:20 цагт очиж, иргэн Х-ын 12х12 метрийн хэмжээтэй граж, эд хогшил, 9х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан. Хүч нэмэгдүүлэн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 9 км замыг туулан 04:31 цагт очиж 20 минут ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top