Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

      Өнгөрсөн хоногт: Завхан, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

      Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон  говийн бүс нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод:  Үүлэрхэг, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна, салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 28-нд зүүн аймгуудын нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд зарим газраар, 26-28-нд ихэнх нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны 2 дугаар гудамжинд иргэн Н-ийн 4х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 21:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 21:26 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

2.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хар-Уул багийн “Хагын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 23 км-т, Ө-47°66’00”, У-90°75’00” / 02.23-ны өдрийн 07:50 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөл болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 10:10 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдын газараар дамжуулан тус сумын Засаг дарга А.Ахылбекээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлсэн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн  “Гок гарден” хотхоны 21 дүгээр байр 9 давхар орон сууцны барилгын 9 дүгээр давхарын цонхоор хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 10:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 3 автомашинтай 5 км зам туулан 10:46 цагт очиход тус байрны 86 тоотод оршин суугч иргэн Б /33 настай эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/ цонхоор үсрэх гэж байхад нь эсэн мэнд буулгаж Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

Ахуйн осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо     8/Б дугаар байрны хогын сувагт цэвэрлэгээ хийж байсан хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 15:22 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын  Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 14 км зам туулан 15:36 цагт очиход тус байрны жижүүр С /37 настай, эрэгтэй/ нь хог хаях хоолойд /функерт/ цэвэрлэгээ хийж байгаад гарч чадахгүй болсон байсныг эсэн мэнд гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top