1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Орхон, Төв, Увс, Хөвсгөл аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 5-7 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26, 28-нд ихэнх нутгаар, 27, 29-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 26, 28-нд хүйтний эрч сулрах боловч бусад хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагт иргэн Г-ын 6 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 09:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 09:45 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зусланд иргэн Б-ын 6×7 метрийн хэмжээтэй 1 давхар мансардтай дүнзэн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 22:59 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34, 74 дүгээр ангийн 14 алба хаагч, 3 автомашинтай 11 км замыг туулан 23:06 цагт очиж 1:15 цаг ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3 дугаар багийн “Тэнхлэг бригад” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км, аймгийн төвөөс баруун зүгт 130 км/ малчин Э /15 настай, эрэгтэй/ 02.24-ний өдрийн 15 цагт гэрээсээ малдаа мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.24-ний 18:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын 3 алба хаагч, 1 автомашин, 11 иргэн, 2 автомашин, нийт 14 хүн, 3 автомашинтай 19:10 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж гэрээс нь урд зүгт 25 км “Хүрын тал” гэдэг газар айлын бууцанд байсныг эсэн мэнд олсон.
Булган аймгийн Сайхан сумын 4 дүгээр багийн “Бөөрийн хөндий” /аймгийн төвөөс баруун зүгт 100 км, сумын төвөөс хойд зүгт 18 км/ Иргэн М /32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ гэрийнхээ ар толгод дээр байж байгаад 20:00 цагийн орчим сураггүй алга болсон тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 02.10 цагт хүлээн авсан. Тус сумын 10 хүн, 2 автомашин, ар гэрээс 12 хүн, 4 автомашин, нийт 22 хүн, 6 автомашинтай 20:45 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж 05:48 цагт гэрээс нь18 км зайтай “Бөөрийн хөндий” газар газраас эсэн мэнд олсон.
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Төв багийн “Ацын ар” гэдэг газраас /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвөөс хойд зүгт 31 км/ иргэн Т /46 настай, эрэгтэй/ 02.24-ний өдрийн 22:00 цагт явган сумын төврүү яваад одоо болтол сураггүй байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 05:50 цагт хүлээн авсан. Ар гэрээс нь 3 хүн, 1 автомашинтай 02.24-ний өдрийн 22:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж 07:30 цагт сумаас баруун урагш 10 км “Ацын ар” гэдэг газар иргэн М-ын гэрээс эсэн мэнд олсон.
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Рашаант багийн “Сонорын шанд” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км/ Малчин М /32 настай, эмэгтэй/ 02.24-ний өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.24-ний өдрийн 22:40 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг дарга тамгын газраас 12 иргэн, 2 автомашинтай 02.25-ны өдрийн 00:14 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж 02.25-ны өдрийн 00:40 цагт гэрээс нь хойд зүгт 33 км зайтай “Саруул тал” гэдэг газраас эсэн мэнд олсон.
4.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн “Сайрын бууц” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 18 км/ малчин А-ийн 4 ханатай гэр 02.24-ний өдрийн 15:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг 02.24-ний өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Эзэнгүй байсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР