Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Говь-Сүмбэр, Дундговь, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Төв, Сэлэнгэ аймгийн нутгаар цас орсон.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна. 

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, 3-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд ихэнх нутгаар, 27, 29-нд говь, талын нутгаар, 1-нд баруун аймгуудын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Шарга морьт” зуслангийн эцсийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн   07:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 07:36 цагт очиж, иргэн Ц-ийн эзэмшлийн 8×4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 7 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 08:45 цагт хүлээн өгсөн. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 08:50 цагт очиж, иргэн Э-ийн эзэмшлийн 4×6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Шандын 18 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 12:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 20 км замыг туулан 12:28 цагт очиж, иргэн А-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 16:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 16:54 цагт очиж, иргэн Н-ын эзэмшлийн 6×8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай багийн Халгайтын 5 дугаар гудамжинд иргэн Ц-ын 10х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 20:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 20:43 цаг очиж, дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 12 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Обьектын гал түймрийн талаар: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Баянбулаг багийн “Хөгжил” хороололд иргэн Б-ын 5 ханатай гэр 02.25-ны өдрийн 04:30 цагт бүрэн шатсан тухай мэдээллийг 02.25-ны өдрийн 09:28 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 4 ажилтан, орон нутгийн 5 иргэн, 2 автомашин, нийт 9 хүн, 2 автомашинтай очиж ажилласан тухай тус сумын Засаг дарга Н.Шагдарсүрэн аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top