Хүн бүрийн хүсэл мөрөөдөл өөр, өөрийн өнгөтэй. Үүний нэгэн адилаар амжилтад хүрсэн түүх, ажилдаа баримталдаг зарчим хүртэл ижил байдаггүй. Гэхдээ бусдаас суралцаж, өөртөө дүгнэлт хийж сурах нь хамгийн чухал юм. Тиймээс “Онцгой мэдээ” сонин энэ удаагийн дугаараас “Амжилт дагуулах 8 асуулт” буланг эхлүүлж байна. Анхны зочин бол ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн Шуурхай удирдлагын ерөнхий зохицуулагч, хошууч С.Галтзул. Аврагчаас ажлын гараагаа эхэлж, салааны захирагч, гал түймрийн улсын хяналтын байцаагч, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт мэргэжилтэн гээд нийт төр түмнийхээ төлөө 22 дахь жилдээ өргөсөн тангарагаа биелүүлэн зүтгэж байна. Ингэхдээ тэрээр хэзээ ч ухраагүй үргэлж урагшилсан амжилттай.. Ингээд “Амжилт дагуулсан 8 асуулт”-д хэрхэн хариулсныг уншигч танаа дэлгэе.
-Та өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ?
Амрыг эрье. Юуны өмнө намайг урьж, ярилцсанд баярлалаа. Өглөөний цаг хурдан гэсэн зүйр үгийг сонсож л байсан байх. Тийм болохоор миний өглөө өмнөх өдрийн оройноос эхэлдэг. Унтахаасаа өмнө хүүхдүүдийнхээ хувцас, хоол цайг бэлтгэж, бэлэн болгоно. Өглөө бүр тогтмол 06:30 цагт босдог. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөөд л ажилдаа ирдэг дээ.
–Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу. Яагаад?
Байлгүй яахав. Сансар огторгуйн уудамд ямар ертөнц,амьдрал өрнөж байгаа бол гэж төсөөлж, түүнийгээ судлах юмсан гэж боддог. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд шүхрээр бууж үзэхийг хүсч байна. Энэ зун мөрөөдлөө биелүүлнэ гэж төлөвлөж байна.
-Та өөрийнхөө бодсоноор амьдарч чадаж байна уу, эсвэл?
Миний хүүхэд нас социализмын үед, харин өсвөр
нас минь ардчилалын салхи сэвэлзэж байсан хүнд цаг үед өнгөрсөн. Гэхдээ нэр хүндтэй энэ албыг сонгож, өнөөг хүртэл
ажиллаж байгаадаа баярладаг. Байгууллагынхаа буянаар мэдлэг, чадвараа
дээшлүүлж, ажил, амьдралаа цэцэглүүлж
чадсан. Манай эхнэр цэргийн хүн гэдгээр минь үнэлж надад итгэл,
сэтгэлээ өгсөн гэж ярьдаг юм. /инээв/ Манай найзууд дотроос төрийн албанд тэр
дундаа Онцгой байдлын байгууллагад ажилладаг хүн байдаггүй. Бүгд хувиараа
хөдөлмөр эрхэлдэг. Дандаа л ажлаар минь
бахархаж ярина. Сонсоход чихэнд чимэгтэй сайхан л байдаг.
–Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?
Миний мөрөөдлийн өнгө ер нь өөрчлөгдөөгүй юм байна. Манай аав тухайн үеийн Гал командад /одоогийн Гал түймэр унтраах, аврах 10, 26 дугаар анги/ галын автомашины мөн жижүүрийн шуурхай албаны автомашины жолоочоор ажилладаг байлаа. Багаасаа л гал командтай ойрхон өссөн. Галын автомашиныг дагаад гүйчихдэг, тамирчдынх нь бэлтгэлийг харж дууриадаг сахилгагүй хүүхэд байлаа. Гэхдээ тэр зан минь намайг энэ албатай холбосон. Гал сөнөөгч байхдаа Гал унтраах техникийн олон төрөлт спортоор хичээллэж улс, бүсийн аваргаас медаль хүртсэн үе сайхан дурсамж болон үлдсэн байна. Одоогийн мөрөөдөл бол үр хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг дэмжиж, эх орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулах боловсрол, соёлтой иргэн болгон хүмүүжүүлэхийг зорьж байна.
-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтад хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол?
Үүрэг гүйцэтгэсэн 22 жилийн хугацаанд алдаа, оноо зөндөө л байсан. Анх өгсөн ажлаа цаг тухайд нь сайнаар л хийхийг хичээдэг байлаа. Одоо бол яаж хийвэл үр дүнгээ өгөх үү, хүмүүст ямар ач холбогдолтой вэ гээд бүх талаас нь бодож, дүгнэлт хийдэг болсон. Чин сэтгэлээсээ ажиллаж чадвал түүнээсээ баяр баясал, урам, зоригийг авдаг. Энэ завшааныг ашиглаад хамтран ажиллаж байгаа удирдлага, хамт олон, ангийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна.
-Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг “хурцалдаг” вэ?
Аль аль нь хурцалдаг. Магтуулахаараа урамшина. Харин шүүмжлэлд дотроо бухимддаг ч хаана, юун дээр алдав гэдгээ тунгааж, алдаагаа засахыг хичээдэг.
–Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?
Аз жаргал ердөө л дэргэд байдаг. Мэдэрч чадвал бүх зүйлд аз жаргал бий. Эргэн тойрноо харахад л мэдэгдэнэ. Хамгийн гайхалтай нь миний гэр бүл, хүүхдүүд минь.
-Таны бахархал?
Миний бахархал бол бяцхан үрс минь. Би хүүхдүүдийнхээ амжилтаар бахархдаг. Хүүхдүүдээ зөв сайн хүмүүжүүлж, мэдлэг боловсрол олгож чадах юм бол тэд минь эх орны ирээдүй, эргэх амьдралын үргэлжлэл минь шүү дээ.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин