Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа

J1A9324.jpg

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргаад байна. Тухайлбал,

–  Улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 08.00 цагаас 03 дугаар сарын 03-ны өдрийн 08.00 цаг хүртэл сунгалаа.

 -Монгол Улс, БНСУ хоорондын хоёр талын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал, Монгол Улс, Япон Улс хоорондын хоёр талын хуваарьт нислэгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал түр зогсоогоод байна.

Мөн БНСУ, Япон, Итали Улсад сүүлийн 14 хоног зорчсон гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх, эдгээр улсаас эх орондоо буцан ирэх Монгол иргэдийг хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд түр тусгаарлах арга хэмжээг авч, холбогдох зардлыг тухайн иргэн, хуулийн этгээдээс гаргуулахаар боллоо.

  Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчдыг гадаад орон руу албан томилолтоор зорчихыг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хязгаарлалаа.

Түүнчлэн коронавируст халдварын талаарх худал, ташаа мэдээллийг цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр санаатай болон санамсаргүйгээр түгээсэн, өвчний голомт бүртгэгдсэн улсаас ирсэн бөгөөд аяллын түүх болон биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, мэдээлэл өгөхөөс татгалзсан иргэдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зарлах шийдвэрийг тус тус гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top