Дахиад хичээгээрэй, Монголчууд аа!

1-33-810x500-780x405-2.jpg

Г.Хорол

Төр нь цаг алдалгүй шийдвэр гаргаж, иргэд нь хариуцлагатай хандвал шинэ коронавирус (Covid-19)-ийн халдвараас сэргийлэх боломж буйн бодит жишээг Монгол Улс дэлхий дахинд үлгэрлэн харуулж чадлаа. Дахиад хичээгээрэй монголчууд аа!. Сар шинийн баярыг эрсдэлгүй давж чадсан шигээ хайртай хүмүүсийнхээ төлөө улам бүр хичээж, хамгийн хариуцлагатай байх цаг ирлээ.

Covid-19 –ын халдвар одоогоор (2020.02.26) дэлхийн 42 оронд тархан, 81007 иргэн халдвар авснаас 2765 нь амь насаа алдаад байна.

Халдварын голомт нь Азид голлож, Монгол Улстай хил залгаа орших өмнөд хөршид энэ өвчний халдвараар хамгийн олон иргэн амь насаа алдсан бол монголчууд хамгийн олноор амьдардаг БНСУ-д өчигдөр 300 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь дэлхий нийтийг айдаст автуулаад байна. Тодруулж хэлбэл, нэг л иргэнийх нь хэнэггүй үйлдэл цааш ассаар 12 хүний аминд хүрч, 1261 иргэн Covid-19-өөр халдварласан гашуун сургамжийг дэлхий дахинд үлдээлээ. Энэ алдааг монголчууд давтах ёсгүй.

Эдийн засгийн асар их хохирол дагуулж байгаа ч хил гааль, олон улсын агаарын тээврийн зарим урсгалаа хаах зэрэг арга хэмжээг Монгол Улсын Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй нь ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө хийсэн алхам юм.

Хот хоорондын тээврийн урсгалыг хаасан хоригоо үргэлжлүүлэн гуравдугаар сарын 3- н хүртэл сунгасан нь ч монголчуудын амь насны төлөө хэрэгжүүлсэн арга хэмжээ. Тэвчээртэй, хүлээцтэй хандаж, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг даган, эрсдэлээс сэргийлэх нь чухал болоод байна.

Хүүхэд багачуудаа дагуулан айлаар бүү хэс, өнөөдөр ажил эхэлж байгаа ч золголт бүү хий.  Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол мэдээллээ үнэн зөв өг. Өөрийг тань төдийгүй гэр бүлийг тань хамгаалахын тулд зорчсон газрын тань мэдээлэл үнэн зөв байх ёстойг ойлгоорой.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цаг үеэс Монгол Улсынхаа аюулгүй байдлын энхийн манаанд эрүүл мэндийн салбарынхнаас гадна хил, гааль, цагдаа, мэргэжлийн хяналтын олон мянган төрийн албан хаагчид нойр хоолоо хугаслан зүтгэж байна. Хээрээр гэр хийн, замд хяналт тавин ажиллаж байгаа нь ч бий. Эрсдэлтэй бүс нутагт маскнаас өөр хамгаалах хэрэгсэлгүйгээр Монгол иргэнийхээ төлөө нисэх буудал дээр ажиллаж буй Элчин сайдын яамны консул, ажилчид ч олон байна. Зааж зөвлөснийх нь дагуу хичээгээрэй, монголчууд аа. Таны, миний, бид бүгдийн төлөө тэд ажиллаж байгааг ойлгоорой.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр халдвар тооцоолж байснаас илүү хурдтайгаар тархаж болзошгүй учраас Монгол Улсыг тархах магадлалыг тооцоолж, бэлтгэл хангах цаг ирснийг ч сануулах боллоо.

Тэр дундаа эрсдэлтэй бүлэг рүү хандсан арга хэмжээг одооноос эхлэн авах шаардлагатай болсныг ч онцолж байна. Судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 771 мянган иргэн коронавирусийн халдвар авах эрсдэлтэй байна. Өндөр үзүүлэлт боловч, хичээсэн цагт Covid-19 –ын халдварыг хил нэвтрүүлэхгүйгээр барих боломж бий. Хайртай бүхнийхээ төлөө хүн бүр хариуцлагатай байх цаг ирсэн шүү, хичээгээрэй.

Эх сурвалж: news.mn

scroll to top