Н.Энхлэн
Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийг монголчууд бид дэлхийг цочрооон аюулт тахлаас холуур энх амар угтлаа. Энэ бол төр, засгаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний үр дүн гэдэгтэй хэн бүхэн маргахгүй. Сар шинийн өдрүүдэд ч Засгийн газар, төрийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллан, гаргасан тогтоол, шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавьж, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллийг ард иргэддээ шуурхай хүргэж, зохих арга хэмжээг ч авч хэрэгжүүлж, төртэй улс гэдгээ түмэн олондоо мэдрүүллээ. Олон нийт ч төрийн шийдвэрийг хүндэтгэн, гэр гэртээ Сар шинийг угтаж, аав, ээж, ахан дүүстээ цахимаар мэндчилгээ дэвшүүлж, хулгана жилийг угтлаа
Дэлхий дахинд “Covid-19” –ийн халдвар өчигдрийн байдлаар 42 оронд тархан, 810007 иргэн халдвар авснаас 2765 нь амь насаа алдаад байна. Халдвар авсан иргэдийн тоо өдрөөр бус цагаар нэмэгдэж байгаа. Тиймээс манай улсад энэ вирус орж ирээгүй гэж тайвширч болохгүй гэдгийг Улсын онцгой комисс анхааруулж байгаа. Тиймээс ч өчигдөр Засгийн газар хуралдаж, шаардагдах нэмэлт хөрөнгийг гаргахаар шийдвэрлэж, Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комисс хөдөлгөөн хязгаарлалтыг сунгаж, Японы нислэгийг түр зогсоолоо. Нийслэлийн зүгээс баар, цэнгээний газрын үйл ажиллагааг ирэх сарын 30-ныг хүртэл зогсоож, нийтийн тээврийг тусгай хуваариар явуулахаар шийдвэрлэсэн.
Харин улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласаар байтал урьдчилан орон нутгийг зорьсон, хязгаарлалтай үед хулгайн замаар хотоос гарсан, гарахыг завдсан, золголтыг өргөн хүрээнд олуулаа явцгаасан иргэд өндөржүүлсэн бэлэн байдалд өдөр шөнөгүй ажиллаж байгаа төрийн албаныханд төвөг удаж, төр, засгийн шийдвэрийг үл ойшоосон хэнэггүй монголын үзэгдэл давтагдсан нь харамсалтай. Өөрийн эрхээрээ өмнөө барьдаг хэсэг бүлэг хүмүүс бусдын эрхийг бас бодолцох хэрэгтэй. Миний эрх хүний эрхээр хязгаарлагддаг. Тэгвэл өнөөдөр миний эрүүл мэнд бусдын эрүүл мэндээс хамааралтай болоод байгаа. Төр, засгийн шийдвэр зөрчсөн иргэдэд хариуцлага тооцож, зохих арга хэмжээг авахыг Ерөнхий сайд ч хэлж, “Иргэн хүн иргэний үүргээ биелүүлэх ёстой”-г онцолсон.
Иргэн хүний биелүүлэх иргэний үүрэг нь төр, засгийн шийдвэрийг л дагаж, мөрдөх. Парламентат засаглалтай манай улсад хувь хүний эрхийг төрийн шийдвэрээс дээгүүр тавьж үл болно. Тэр дундаа аюулт үхлийн тахал дэлхийг цочроож байгаа энэ үед хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалахаар урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа шийдвэрийг иргэн бүр дагаж, мөрдөх нь бидний онцгой үүрэг.
Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед амны хаалтаа тогтмол зүүж, гараа байнга угааж, хязгаарлалтыг зөрчихгүй байхад л хангалттай. Бүүр тодруулбал, эрүүл мэндээ хамгаалах иргэний онцгой үүргээ л биелүүл.
Эх сурвалж: shuud.mn