Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дорнод, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр 15-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3-р сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-3-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1-нд ихэнх нутгаар, 2, 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст хүйтний эрч бага зэрэг суларна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян уулын 2 дугаар гудамжинд иргэн Г-ын 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 17:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 17:27 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг “Түмний гурил” ХХК-ийн хашаанд иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.28-ны өдрийн 23:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 23:58 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. Гал түймрийн голомтыг аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. (Иргэн Э-ын эхнэр Ц/44 настай, эмэгтэй/ гал түймэрт өртөөгүй гэрийн гадна нас барсан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн Эрүүгийн ам гэдэг газраас Булган сумын төврүү явж байсан /аймгийн төвөөс баруун зүгт 465 км, сумын төвөөс баруун зүгт 65 км/ иргэн Б-ын УАЗ-469 загварын 1 зорчигчтой автомашин Булган голын мөсөнд цөмөрч орсон тухай дуудлагыг 02.28-ны өдрийн 13:13 цагт / хүлээн авсан. Тус аймгийн Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 65 км замыг туулан 17:30 цагт очиж 1:05 цаг ажиллаж автомашиныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top