1. Оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг бодлого, зохицуулалтаар тодорхой болгож, гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах чиглэлээр:
Төслийн дэмжлэгтэй боловсруулсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр” 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 303 дугаар тогтоолоор батлагдлаа.
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын чиг хандлага, 2015-2030 онд дэлхий нийтээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээтэй танилцах зорилгоор Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөгчид Япон Улсын Сендай хотноо 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн III бага хуралд оролцов.
“Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчид, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оролцогч холбогдох талуудын гарын авлага, ширээний ном болгох зорилгоор монгол хэл рүү хөрвүүлж, хэвлүүлэв.
Монгол оронд тохиолддог гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй, эрсдэлийн үнэлгээг дүгнэх шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах зөвлөх үйлчилгээг хоёр сарын хугацаатай хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд боловсруулсан “Сумын гамшгаас хамгаалах жишиг төлөвлөгөө” 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/132 тоот тушаалаар батлагдав.
Гамшиг судлалын хүрээлэн, Дорнод, Дундговь аймгийн Онцгой байдлын газруудтай хамтран Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сумд, Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумдын 200 гаруй ард иргэдийг оролцуулсан сургалт зохион байгуулж, орон нутгийн аюулын зураглал, эмзэг байдал, чадавхийг үнэлүүлэн сумдын гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийв. Уг үнэлгээнд үндэслэн дээрх сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг батлагдсан загварын дагуу шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулав.
2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр төслийн зорилтот сум, орон нутгийн Иргэдийн хурлын дарга нар, орон нутгийн зохицуулагчдад зориулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусгах нь” семинар зохион байгууллаа.
2. Орон нутгийн гамшгийн менежментийн механизмыг хот суурин газар, хөдөө орон нутгийн эмзэг байдлыг тооцсон дүрэм журам, чадавхтай болгох чиглэлээр:
Иргэд, олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх хүрээнд төслийн дэмжлэгтэй боловсруулсан “Гамшгаас хамгаалах сургалтын хөтөлбөр”-ийн дагуу цэцэрлэгийн насны хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд, иргэд, ажилтан, албан хаагчид, тусгай чиг үүргийн бүлэг, сайн дурынханд зориулсан нийт 16 сурах бичиг, гарын авлагыг боловсруулах ажил хэрэгжиж байна.
Мөн түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэг, ойлголтыг ард иргэдэд илүү хүртээмжтэй, сонирхолтой аргаар хүргэх зорилгоор ANDROID, iOS мобайл аппликейшн хөгжүүлэх зөвлөх багийг ажиллуулж байна.
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх “Аврагч” студиэс эрхлэн явуулдаг “Онцгой байдлын цаг” нэвтрүүлгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх зорилгоор дохионы хэлний орчуулагчтай гэрээ байгуулан ажиллуулж байна.
Гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд оролцох сайн дурынхныг сургах нөхцлийг бий болгох зорилгоор Дорнод, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын сургалтын танхимуудыг тохижуулж, сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангасан.
Онцгой байдлын албаны ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийн яаралтай тусламж дэмжлэг үзүүлэх мэдлэг ойлголт, ур чадварыг дээшлүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд парамедикийн сургалтын танхим байгуулахад дэмжлэг үзүүллээ.
ОХУ-ын ОБЯ-ны Байгалийн Эрэн хайх, аврах отрядын Аврагч бэлтгэх төвд 2015 оны 6 дугаар сарын 15-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Усчин-аврагч” бэлтгэх сургалтад 11 аврагч, 8 дугаар сарын 17-ноос 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Усчин-сургагч багш” бэлтгэх сургалтад 11 албан хаагч, 9 дүгээр сарын 7-ноос 10 дугаар сарын 15-ныг хүртэл зохион байгуулагдсан “4 дүгээр зэргийн шумбагч”-ийн сургалтад 7 аврагч, нийтдээ 29 албан хаагчийг сургаж, мэдлэг, чадварыг дээшлүүллээ.
2015 оны 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газар, Далайн захиргаатай хамтран Хөвсгөл далайд усны мотоциклийн ашиглалтын сургалтыг зохион байгуулж, Нийслэл, Хэнтий, Дорнод, Булган, Сэлэнгэ аймгуудын Онцгой байдлын газруудын 10 аврагчийг хамрууллаа.
Онцгой байдлын ерөнхий газар, Хэнтий, Дорнод, Булган, Сэлэнгэ, Дундговь аймгуудын Онцгой байдлын газруудыг техник хэрэгслээр ханган зайны сургалт, видео хурал зохион байгуулах нөхцлийг бүрдүүлэв.
Төслийн зөвлөх үйлчилгээгээр “Гамшгийн хор уршгийг арилгах тусгай үүргийн томилгоот бүлгүүдийн дүрэм, эрсдэлийг бууруулах сайн дурынхны үйл ажиллагааны заавар”-ыг боловсруулж, Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
Онцгой байдлын ерөнхий газар, Боловсролын хүрээлэнтэй хамтран “Багшлах эрх олгох” сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 1-14-ний хооронд зохион байгуулж, Онцгой байдлын албаны сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан 37 мэргэжилтнүүийг хамрууллаа.
Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, аюулт үзэгдлийн талаарх мэдээллийг орон нутгийн малчид, ард иргэдэд масс мессежээр хүргэх ажлыг хэрэгжүүлж, Монгол орны 21 аймгийн 319 сум, Онцгой байдлын 40 нэгжийг програм, техник хэрэгслээр ханган холбогдох сургалтыг 21 аймагт 540 гаруй хүнийг хамруулан зохион байгуулав.
2015 оны 02, 04, 05 дугаар сард Монгол орны ихэнх нутгийг хамран тохиолдсон хүчтэй цасан болон шороон шуурганы үед 16 аймгийн 232 сумын 75000 орчим иргэнд сэрэмжлүүлэх мэдээ хүргэсэн байна. Түүнчлэн Хөвсгөл далайн мөс цөмрөх аюул, эрсдэлийн үед болон Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгийг хамарсан ой, хээрийн түймрийн үед “багц мессеж”-ийг өргөнөөр ашигласнаар олон хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалсан.
3. Орон нутагт тохирсон гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах механизмыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр:
Төслийн зорилтот орон нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах түншлэл, хамтын ажиллагааны 14 зөвлөл ажиллаж байна. Нийтдээ 67 малчны бүлэг, ойн нөхөрлөл шинээр байгуулагдаж, 111 бүлгийн үйл ажиллагаа сэргээд байна.
“Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд сумын түвшний гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, санхүүжилтийг тодорхой болгох зорилгоор Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж, “Иргэдийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах “Сэлэнгэ хөтөлбөр”-ийг боловсруулан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр батлуулав.
Төслийн зорилтот сум, хороодын гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг дэмжин 28 жижиг төслийг хэрэгжүүлж байна.
Хэнтий аймгийн Жаргалтхаан, Биндэр сумд, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг сумд, Булган аймгийн Сэлэнгэ, Тэшиг сумдад “Ган, зудын гамшгийн эрсдэлийг бууруулж, малын тэжээл бэлтгэх, даршлах арга, технологи” сургалт, дадлага зохион байгуулж, 400 гаруй малчид, ард иргэдийг хамрууллаа. Сумдад өрхийн тэжээлийн цех нийлүүлж, сургалтын үеэр 9,6 тонн халгайн дарш, 610 кг багсармал тэжээл, өвсний мушгиа, хэрчдэсийг хамтдаа хийн тэжээл бэлтгэх арга технологи, чадварыг эзэмшүүлэв.
Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумын хуурай хээрийн бүсийн 2 бүлэг, нөхөрлөлийн 2 га газарт тэжээлийн нэг наст болон олон наст ургамал (царгас, овъёос, эрдэнэ шиш, согоовор) тариалах төслийг хэрэгжүүлж, дэрст бэлчээрийг сайжруулах сургалт, дадлага, туршлага судлах үйл ажиллагааг зохион байгуулав.
Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Барилга, хот байгуулалтын яам хооронд байгуулсан “Инженерийн барилга байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сангийн үйл ажиллагааг сайжруулах, өргөтгөхөд хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийн дагуу програм хангамж, мэдээллийн сан боловсруулах ажлуудыг хэрэгжүүлж байна.
5 аймгийн Онцгой байдлын газартай сайн дурынхныг бүртгэх, сургах талаар Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/239 тоот тушаалын дагуу гамшгаас хамгаалах тусгай чиг үүргийн бүлгүүд, сайн дурынхныг сургаж бэлтгэх сургалтуудыг төслийн зорилтот аймгуудын Онцгой байдлын газруудтай хамтран зохион байгуулж, ой, хээрийн болон объектын түймэртэй тэмцэх, эрэн хайх ажиллагаа зохион байгуулах, амилуулах суурь тусламж үзүүлэх мэдлэг ойлголтыг өгч, дадлага эзэмшүүлж байна.
Булган аймгийн Сэлэнгэ сумын гал унтраах сайн дурын бүлгийнхэн айлын өвөлжөөнд гарсан түймрийг цаашид тархахаас сэргийлж чадсан байна.
Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Биндэр суманд 880 айлын өвөлжөө, хаваржааг түймрээс хамгаалах зурвас байгуулсан нь 2015 оны 3, 4 дүгээр сард зүүн аймгуудын нутгийг хамран гарсан хээрийн түймрийн үед түймрээс хамгаалах үр дүнтэй арга хэмжээ болохоо харуулсан.