Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 03-нд нээнэ

J1A9639.jpg

Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагаас нээхээр боллоо. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын долоон шалган нэвтрүүлэх цэгт Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн байгууллагаас 130 гаруй хүн нэмэлтээр ажиллах юм.

Шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж цагдаагийн байгууллага мэдээллээ.

Бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт нэмэгдлээр найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваахаар болжээ. Энэ дагуу:

–  Зүүн бүсийг Хэнтий аймаг, Хэрлэнгийн гүүр, Багануур дүүргийн байнгын хяналтын цэгт

–  Урд чиглэлийг Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх цэгт

–  Баруун бүсийг Өвөрхангайн Тарнын гүүр, Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх цэгт

–  Хойд бүсийг Дархан, Баруунхараа, Төв аймгийн Баянчандмань сумын цэгт

–  Өмнөд бүсийг Төв аймгийн Өндөр дов орчимд ажиллуулна.  

Шалган нэвтрүүлэх долоон цэгт ХӨСҮТ-ийн баг 24 цагаар хоёр хоног ажиллахаар боллоо. Мөн Улаанбаатар хот руу чиглэсэн улсын чанартай замуудад орон нутгийн эмнэлгийн тусламжийн бүлгийг 50 км тутамд томилж, болзошгүй осол, зөрчлөөс сэргийлэх арга хэмжээг авах юм. НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105, аймгуудын Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид нэмэлтээр хоёр хоногийн хугацаатай ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top