1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Хэнтий аймгийн нутгийн зарим газраар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр 12-17 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, 6-8 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь, талын нутгаар, 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.29-ний өдрийн 12:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 12:48 цагт очиж, иргэн Х-гийн 13х13 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж багийн “Нефтийн задгай” гэдэг газар “Ахмад настны өдөр өнжүүлэх төв”-ийн уурын зуух шатаж байна гэсэн дуудлагыг 02.29-ний өдрийн 13:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 14:51 цагт очиж, 2.5х4 метрийн хэмжээтэй уурын зуухны дээврийн хэсэг шатаж байсныг 29 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Уртын хар” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ малчин С-ийн өвс шатаж байна гэсэн дуудлагыг 02.29-ний өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 38 дугаар ангийн 10 алба хаагч, 1 автомашинтай 30 км замыг туулан 20:58 цагт очиж, 12 тн өвс шатаж байсныг 3 цаг 5 минут ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР