Н.Пунцагболд
БНСУ, Япон, Итали, Иран зэрэг орноос ирж байгаа Монгол иргэдийг 14 хоног тусгаарлах байранд байлгаж, ажиглах, хянах шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан билээ. Тэгвэл энэ шийдвэрийг дагаж мөрдөхийг эсэргүүцэх, худал мэдээлэл өгөх иргэд цөөнгүй байгаа талаар албаны хүмүүс мэдээлсэн. Энэ талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаас тодрууллаа.
-Вирусийн голомтот бүсээс ирж байгаа иргэдийн зарим нь тусгаарлалтад орохгүй гэж эсэргүүцэж, албан хүмүүст хүндрэл учруулж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Юуны өмнө иргэний үүргээ биелүүлж, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд талархсанаа илэрхийлье. Гэхдээ гаргаж байгаа заавар, дүрэм журмыг хэрэгжүүлэхгүй, асуумжаа бүрэн бөглөхгүй, халуунаа бүрэн хэмжүүлэхгүй, тусгаарлах байранд очихгүй гэдэг зүй бус шаардлага тавьж байгаа иргэд байна. Солонгос, Япон улсаас ирж байгаа иргэдийг хилийн боомтууд дээрээс шууд тусгаарлах байранд аваачиж байгаа. Тусгаарлах байранд аваачаад бид зөвхөн ажиглаж л байгаа. Иргэдийг 14 хоног тусгаарлана, энэ хугацаанд ямар нэг эмнэлзүйн шинж илэрвэл ХӨСҮТ-д шилжүүлэх зорилготой. Иргэдийн зарим нь тусгаарлах байрны нөхцөл байдал муу байна гэдэг асуудлыг тавьсан. Бид тусгаарлах байрыг бэлтгэхтэй холбогдуулан газар дээр нь очиж ажилласан, судалсан. Эмнэлгийн орчныг бүрэн бүрдүүлсэн байрууд байгаа. Өндөр стандартыг бүрэн бүрдүүлж чадахгүй ч гэсэн боломжийн хэрээр л бэлтгэсэн байр байгаа учраас иргэд хүлээцтэй, ухамсартай хандаж, мэргэжлийн байгууллагаас тавьж буй шаардлагыг биелүүлээсэй гэж хүсэж байна.
-Улсын хэмжээнд хэчнээн тусгаарлах байр байгаа вэ. Тусгаарлаж байна гээд бүх л хүмүүсийг нэг дор хорьчих юм. Хэрвээ ямар нэг өвчтэй хүн байвал эрүүл хүмүүст нь халдчих вий дээ гэж болгоомжилж байна?
-Тусгаарлах байрны хоёр стандарт байгаа. Сэжигтэй тохиолдол илэрсэн үед ХӨСҮТ-д тусгай байранд нэг нэгээр нь тусгаарлаж байна. Харин ажиглалтынх бол ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, голомтот бүс бүхий нутаг орноос ирсэн хүмүүсийг тусгаарлаж, хянах зориулалттай. Ийм ялгаатай. Улсын хэмжээнд Улаанбаатар хотод 5 байрыг тусгаарлах байр байдлаар ашиглаж байна. Өнөөдрөөс эхлээд “Баян” амралтын газар иргэдийг тусгаарлаж байгаа. Цэргийн эмнэлгийн хүчин чадлыг 50 ороор нэмэгдүүлж, 250 хүн хүлээж авах боломжтой болгоод ажиллаж байна.
-Маргаашнаас хот хооронд зорчих хөдөлгөөнийг нээх гэж байна. Хөдөлгөөн багагүй нэмэгдэх байх. Иргэд зохицуулалт хийж байгаа албан хаагчдын шаардлагыг хэр биелүүлж байна вэ?
-Маргаашнаас эхлээд орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээнэ. Хөдөлгөөний урсгал нэлээд нэмэгдэх төлөвтэй байна. Цагдаагийн байгууллагаас 40 гаруй мянган автомашин Улаанбаатар хот руу ирнэ гэсэн мэдээллийг хийсэн. Тиймээс бид цагийн хязгаарлалттай нэвтрүүлэх зохион байгуулалтыг хийнэ. Мөн зорчигч, жолоочийн эрүүл мэндийг үзэж, халууныг хянах, ариутгалыг хийх ажлыг үргэлжлүүлнэ. Өнгөрсөн хугацаанд шаардлага биелүүлэхгүй, хулгайн замаар зорчсон тохиолдол их гарсан. Бид тэдгээр хүмүүст хариуцлага тооцно. Цаашлаад шаардлага биелүүлээгүй хүмүүсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж, цацна. Тэр нь ч зөв гэж бодож байгаа.
Эх сурвалж: zaluu.com