Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай,   Сүхбаатар, Төв аймгуудын нутгаар цас орсон. Дорноговь, Сүхбаатар аймгийн нутгаар шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 5-10 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, болон төвийн аймгуудын зарим газраар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.  Салхи 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд зарим газраар 12-14 м/с, 6-нд баруун аймгуудын нутгаар,  7-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10  градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтэрнэ.

2.Гал түймэр:

 ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “МJS-Азайна” ХХК-ийн 5х9 метрийн хэмжээтэй гал тогооны өрөө, 5х12 метрийн хэмжээтэй агуулахын өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.02-ны өдрийн 12:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км зам туулан 12:38 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан. Нэмэлт дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 5 км зам туулан 12:51 цагт очиход галын тархалтыг зогсоосон тул ажиллаагүй болно. Уг гал түймэрт иргэн Б/23 настай, эмэгтэй/ бага зэрэг угаартсан байсныг эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн.

Хувийн өмчид гарсан: Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багийн “Хөөвөр”-ийн 12 дугаар гудамжинд иргэн А-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.02-ны өдрийн 14:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 14:44 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top