Амжилт бол хамт олны сэтгэл

GJ1A3791.MOV_snapshot-cmyk.jpg

  Шинэ оны анхны томилолтоо аваад Орхон аймгийг зорьлоо. Зууны манлай бүтээн байгуулалттай тус аймгийг “Эрдэнэт” үйлдвэргүйгээр төсөөлөх аргагүй. 1003 обьект бүхий 6000 гаруй ажилтантай энэ л үйлдвэрийг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах хүндтэй бөгөөд амаргүй үүргийг тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн хамт олон гүйцэтгэдэг. Энэ хамт олны хувьд бүтээн байгуулалтын олон ажлыг хийж, ажиллах орчин нөхцлөө сайжруулсан байна. Тиймээс хамт олны нэг сэтгэл, зүтгэл, хүчин чармайлтын үрээр сүндэрлэсэн бүтээн байгуулалтыг нь сурвалжлан, амжилт бүтээлийг нь хуваалцахаар “Онцгой мэдээ” сонины сурвалжлах баг тус ангид түр саатсан юм.

   Нар шаргалтаж, үүлсийн цаагуур орохтой зэрэгцэн  манай сурвалжлах багийнхан тус ангийн үүдэнд хүрэлцэн ирлээ. Биднийг тус ангиар ороход аврагч залуу инээмсэглэсээр ёслон угтав. Хүн бүр  завгүй хойш, урагшаа гүйлдэж, бэлэн үү, бэлтгэлээ хангасан уу гэж нэг нэгнээсээ асуух. Учрыг нь лавлавал аврагчид дадлага сургууль хийхээр бэлтгэлээ базааж байгаа аж. Төд удалгүй цаг, минуттай уралдан ажилладаг онцлогтой аврагч залуус сургалтын талбайдаа цугларлаа. Сургалтын талбайгаа олон улсын стандартын шаардлага хангасан техник, хэрэгслүүдийг иж бүрэн суурилуулж, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангажээ. Бэлтгэл, сургуулилт дууссаны дараа тус ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр хамт олныхоо сэтгэлээ шингээж хийсэн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж эхэллээ. Тус анги өнгөрөгч 2019 онд 650 сая төгрөгийн бүтээн байгуулалтыг хийжээ. Албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” болон Онцгой байдлын газартайгаа шуурхай холбогдох, холбоо зарлан мэдээллийг дахин дамжуулах 3 ком станцыг шинээр суурилуулан, ашиглаж байна. Түүнчлэн “Яаралтай цуглар” дохиог холбоо зарлан мэдээллийн дак системийг ашиглан хүргэдэг. Энэхүү систем нь нэгэн зэрэг, нэг цагт бүх алба хаагчдад текст хэлбэрээр дамжуулдгаараа онцлог аж. Түүнчлэн аврах ажиллагаанд ашиглагдах тоног төхөөрөмжийн нэмэгдүүлэх хүрээнд 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “УРАЛ-5557 АЦ-6.0-4.0” тусгай зориулалтын автомашинтай болж, парк шинэчлэл хийсэн байна.

Шилдэг бүтээн байгуулалтыг урамшуулсан

  Үргэлжлүүлэн тэрээр нийгмийн баталгаа, ахуй орчныг дээшлүүлэх, эрүүл мэнд, ажлын байрны таатай орчныг бүрдүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах гэсэн таван чиглэлд алба хаагчдаас судалгаа авч, түүн дээр үндэслэн өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан ажиллах орчноо сайжруулсан гэдгийг онцолсон юм.  Энэ хүрээнд ангийн захирагчийн нэрэмжит бүтээн байгуулалтын болзолт уралдааныг зарлаж, тус уралдааныг хамгийн хямд өртгөөр өөрсдийн гар дүйг гарган урлаж хийсэн ажлуудыг онцлон шалгаруулжээ. Тодруулбал, нэгдүгээр салааны алба хаагчид  гал тогооны өрөө, хоёрдугаар салаа нь ажилтан, алба хаагчдад цаг агаарын мэдээ, бусад сэрэмжлүүлэг мэдээг хүргэх урсдаг самбарыг ангийн гадна талбайд суурилуулсан бол гуравдугаар салаа нь амрах өрөө, дөрөвдүгээр салаа үүдэн хэсэгт гэрэлтүүлэгтэй тавилга, офицер бүрэлдэхүүн шинээр саун, таван ханатай гэрийг барьж байгуулжээ. Өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан бүтээсэн энэ ажлуудыг үнэлж, алба хаагчдыг цалингийн 10-30 хувиар шагнасан байна.

  Алба хаагчдаа урамшуулах, урам зориг хайрлаж, ажилдаа хандах итгэлийг нь нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд ажил, мэргэжлээрээ хамт олноо хошуучлан ажилласан 13 алба хаагчийг Дорнод-Манжуур чиглэлд 3400 км аялуулсан гэнэ. Аялангаа гал түймэр унтраах, аврах анги, байгууллагуудаас ажлын туршлага, дадлагыг судлаад ирсэн байна. Энэхүү аялалыг жил бүр байгууллагын зардлаар зохион байгуулдаг уламжлал тогтжээ.

БИД НЭГ ГЭР БҮЛ

 Тэд анги, байгууллага, ажиллах орчноо сайжруулахаас гадна хандлага, харилцаа, эв нэгдлийг эрхэмлэж, “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн аяныг тогтмол зохион байгуулдаг. Ингэхдээ нэг нэгнийхээ ахуйн ажилд тусалж, хүнсний болон түлшний хэрэгцээг хангах, шинэ байшин барихад нь туслах зэргээр сэтгэл санааны урам хайрладаг бид нэг гэр бүл гэж аврагч залуустай уулзахад бахдалтайгаар учирлан ярьсан юм.  Орон сууцанд орсон хоёр алба хаагчийг зээлд хамруулж, өөрийн нөөц бололцоогоор орон сууцтай болсон 7 алба хаагчид 250,000-300,000 төгрөг, шинэ хашаа байшинтай болсон 3 алба хаагч тус бүрт 300,000 төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Харин 15 алба хаагч хашаандаа хүнсний нарийн ногоо тариалах талбай, 2 алба хаагч хүнсний ногоо тариалах талбайтай болсон байна.

 Амжилт бол хамт олны сэтгэл. Энэ үгээр аврагчид өөрсдийгөө тодотгодог. Бид хүлээсэн үүрэг, хариуцлагаа нэр төртэй биелүүлж, аливааг болгоё, бүтээе, хөгжье гэсэн нэгэн зорилгоор л ажилладаг. Ажиллах тэр боломжоор удирдлагын зүгээс байнга анхаарч, зөв хандлага, манлайллыг бий болгодог шүү хэмээн аврагчид хуучилсан юм. Алба хаагчдыг гэнэтийн ослын болон мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалд 100 хувь “Хаан даатгал” ХХК-тай гэрээ байгуулан, хамруулжээ. Мөн алба хаагчдын хувцас хэрэглэл, техник технологийн хувьд хангалттай. Эвдэрсэн, хуучирсан, жагсаалтаас гарсан тоног төхөөрөмжөө өөрсдөө засаад аврах ажиллагаанд хэрэглэдэг олон  аврагчидтай гэнэ.

АМЖИЛТ ГАРГАХ ЦАГ ОЙРХОН ИРНЭ

 Тус ангийн алба хаагчид бие бялдрын хөгжилдөө анхаарч, бэлтгэл сургуулилтыг тогтмол хийнэ. Сүүлийн үед туухай өргөлтөөр алба хаагчдаа түлхүү хичээллэх бодлого баримталжээ. Учир нь энэ спорт эрчимтэй хөгжиж, олимпийн төрөлд багтаад байгаа. Амжилт гаргах цаг ойрхон ирнэ гэж хошууч А.Отгонбаяр алба хаагчдаа урам хайрлахыг сонсоод бахархал төрснөө нуух юун. Итгэл гэдэг бусдыгаа урамшуулах том шагнал байх даа гэж бодож явлаа.

 Өнгөрсөн 2019 онд Онцгой байдлын байгууллагын “Тэргүүний салаа”-аар тус ангийн дэслэгч Б.Амарбаяр захирагчтай I салаа шалгарч, орон нутгийн гамшгаас хамгаалах чадавх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай, чанартай хүргэхэд идэвх санаачилга гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн амжилт үзүүлснийг онцлон тэмдэглэе.

Болгоё гэвэл боломж үргэлж байдаг         

Бүтээнэ гэсэн сэтгэлд үргэлж аз жаргалтай байдаг                                                                                       

Бие биенээ гэсэн итгэл амжилт байдаг  гэсэн үгээр тус ангиас хийсэн сурвалжлагаа сэтгүүлч миний бие өндөрлүүлж байна.  

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

scroll to top