Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Ховд аймгийн нутгийн зарим хэсгээр цас орж, Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн нутгаар шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хэнтэйн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 11-16 градус,  Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.  

Улаанбаатархотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-нд говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх, 9-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-нд Алтайн салбар уулсаар, 9-нд зарим газраар 12-14 м/с, 7-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 8-нд говь, талын нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 7-ноос баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 11-16 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн граж шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 07:21 цагт хүлээн авч нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 07:25 цагт очиж, 5х10 метрийн хэмжээтэй гражийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай баг дахь “Хогийн цэг”-т тохижилт үйлчилгээний газрын эзэмшлийн “W156” загварын авто ачигч шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 11:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 11:08 цагт очиж, хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Яргайт” зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.04-ний өдрийн 13:55 цагт хүлээн авч нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 14:00 цагт очиж, 4х6 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн “Петровис-37” шатахуун түгээх станцын хажууд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 02:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 02:33 цагт очиж, иргэн Б-гийн эзэмшлийн “Приус 30” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Мааньт” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 7 км-т/ малчин Я-гийн өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 04:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 05:12 цагт очиж, 6.5 тн өвс шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осолНийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Нисэхийн аюулгүйн тойргийн хойд талын авто замын зорчих хэсэгт автозамын осол болж, 2 хүн автомашины бүхээгнээс гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 04:41 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13 км замыг туулан 04:54 цагт очиж, “Лексус 250” загварын суудлын автомашин автозамын хажуу руу орж, дотор нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Ө /32 настай, эрэгтэй, согтуу/, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй, согтуу/ нар гарч чадахгүй байсныг 15 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Замын цагдаагийн зохицуулагчид хүлээлгэн өгсөн. 

4.Мэдээлэл:

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар багийн “Оонот” хороололд иргэн Э-гийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн мэдээллийг 03.04-ний өдрийн 15:50 цагт хүлээн авч орон нутгийн 23 хүн, 2 автомашинтайгаар 1 цаг ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top