Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор 13-15 м/с хүрч ширүүснэ.  Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 0-2 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд ихэнх нутгаар, 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар 18-20 м/с, 9-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.  

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт “Таван-Эрдэнэ” худалдааны төвийн “Оёдлын цех”-д гал гарч байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 07:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 07:22 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанБаян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн “Хөх хад” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 6 км-т/ тус сумын төвөөс Ногооннуур сумын чиглэлд иргэн Х-гийн жолоодож явсан “СИАРВИ” загварын суудлын автомашины хөдөлгүүр, бүхээг шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 18:15 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан. 

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “2-ын даваа” гэдэг газарт /сумын төвөөс урд зүгт 25 км-т/ Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Г-гийн жолоодож явсан “Алфард” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 21:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 25 км замыг туулан 21:43 цагт очиж, 1 цаг 11 минут ажиллаж унтраасан.

3.Цацраг химийн бодисын осол:

Химийн бодисын осолНийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны байрны авто зогсоолд “Кроун” загварын суудлын автомашиныг Эрүүгийн цагдаагийн газрын тасгийн дарга шалгахад Улаанбаатар хотын харьяат иргэн Б /48 настай, эрэгтэй/, П /54 настай, эрэгтэй/, Н /56 настай, эрэгтэй/ нар “Луна” гэсэн хаягтай ягаан өнгийн 1,2 кг жинтэй химийн бодисыг авч явсныг саатуулан шалгаж байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас 03.05-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн дарга бодисыг Гамшгийн шуурхай удирдлагын газарт хүлээлгэн өгсөн.

4.Мэдээлэл:

Обьектын гал түймэр: Говь-Алтай аймгийн Бугат сумын 5 дугаар багт иргэн Б-гийн түлээний 2 амбаар 03.05-ны өдрийн 13:50 цагт шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 15:50 цагт хүлээн авч орон нутгийн 120 иргэн, 5 автомашинтай 30 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Увс аймгийн Давст сумын Торхилог багийн “Хэлхээтэй толгой” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 7 км-т/ иргэн М-ийн “Мазда демио” загварын суудлын автомашин шатсан тухай мэдээллийг 03.05-ны өдрийн 21:35 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай очиход автомашин шатсан тухай мэдээллийг тус сумын  Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.      

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top