Би мөрдсөөр гоёсон бүсгүйчүүдийн төлөөлөл.
Г.Бадамханд
Дүрэлзэн асах галыг унтраахаар эрчүүдтэй мөр зэрэгцэн яваа бүсгүйчүүдийн нэг Н.Наранзул. Тэрээр 2016 онд буюу 21 насандаа ажлын гараагаа Монгол улсын ууган гал түймэр унтраах, аврах 10-р ангид анхны эмэгтэй албан хаагчаар ажиллаж эхэлжээ.
Наран ургах нутгийн охин Н.Наранзул одоо СБД-ийн гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ажиллаж байгаа ба энэ хугацаанд 23 хүний амь аварч, 1.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалсан байна.
Тэрээр үе дамжин Онцгойд ажиллаж байгаа ба аав Б.Нэргүй нь Дорнод аймгийн Гал түймэр унтраах, аврах 52-р ангид 23 жил ажиллаж тэтгэвэртээ гарчээ. Мөн ах Н.Төрбат нь Нийслэлийн онцгой байдлын газрын жижүүрийн байцаагч, нөхөр Э.Түвшинтөгс нь Дотоод хэргийн их сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байгаа юм.
Харин ээж З.Болормаа нь биеийн тамирын багш бөгөөд Н.Наранзул аавынхаа галын машины кабинд бага насаа өнгөрүүлсэн нь гал сөнөөгч гэх мэргэжлийг сонгоход нь нөлөөлсөн гэнэ.
Өдгөө 25-хан настай ч хоёр хүүхдийн ээж Н.Наранзул “Онцгойгийн анхны” гэх тодотголын эзэн юм.
Тухайлбал, Онцгой байдлын сургуулийн анхны хоёр эмэгтэй сонсогчийн нэг, салаан захирагчийн анхны эмэгтэй туслах, гал түймрийн улсын хяналтын анхны эмэгтэй байцаагч, Шударга журам медаль авсан Онцгойгийн анхны эмэгтэй юм.
“Шагнал авах бүртээ өөрөөсөө ичдэг ч 2018 онд Баянзүрх захын гал түймэр дээр сайн ажиллаж, Ерөнхийлөгчөөс Шударга журам медаль авахдаа анх удаа өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн” гэж Н.Наранзул ярилаа.
21-хэн насандаа өөрөөсөө ах эрчүүдийг командалж, Салаан дарга хэмээн дуудуулж явсан түүнд дүрэлзсэн улаан галаас илүү түгшүүрийн дохио айдастай санагддаг гэнэ. Учир нь, дуудлагаар явж буй галын машин нэг километр замыг нэг минутанд туулах ёстой ч түгжрэл, бүдүүлэг жолооч нараас болж саатдаг.
Гал сөнөөгчид 3-4 кг ачааг үүрч “Хүний амь л эрсдээгүй байгаасай” хэмээн залбирч, амь биеэ үл хайрлан дүрэлзсэн асах гал руу ордог аж. Тэд ажилдаа гараад гэртээ эргэж ирэхгүй ч байж мэдэх учраас Н.Наранзул өглөө бүр нөхөр хүүхдүүдээ үнсдэг байна.
Гал сөнөөгчдийн хувьд аврах ажиллагаа явуулахад хүнд хэцүү болгонтой нүүр тулж, цогцос ч зөөх шаардлага гардаг учраас ажиллаж буй салбарт нь сэтгэл зүйч хэрэгтэй байгааг учирлаж байлаа.
Эрчүүдтэй мөр зэрэгцэн, мөрдсөөр гоёж яваа олон эмэгтэйчүүдийн төлөөлөл Н.Наранзул бахдам амжилтыг хэн ч гаргаж болдгийг харуулж яваа үе дамжсан Онцгойгийн бүсгүй юм.
Эх сурвалж: udriintoim.mn