Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгийн зарим хэсгээр цас орж, шуурсан.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 10, 13-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй цас, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн  өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд ихэнх нутгаар 13-15 м/с, 11,12-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, “Доктор” автосервисийн урд талд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 12:42 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 12:50 цагт очиж, иргэн Б-гийн эзэмшлийн 4х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8.5 км замыг туулан 14:45 цагт очиж, иргэн Б-гийн эзэмшлийн 6х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 18:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 18:19 цагт очиж, иргэн А-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Тэс сумын Зүр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.08-ны өдрийн 18:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 18:55 цагт очиж, иргэн Х-гийн эзэмшлийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top