Б.Итгэл
Монгол Улсад СOVID-19 вирусийн халдварын анхны тохиолдол гадны улс орноос зөөвөрлөгдөн /2020.03.09/ орж ирлээ.
Тодруулбал 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Аэрофлот ” -оор ирсэн, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын “Бадрах энержи” компанид ажилладаг Францын иргэн коронавирусын халдвар авчээ. Онгоц, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж, дам хавьтсан байж болзошгүй 500 гаруй хүнийг олж тогтоон тусгаарлалтын ажлыг эхлүүлсэн байна.
Франц улсын иргэн 57 настай Б нь Дорноговь аймагт 2020 оны 03 сарын 07-нд очсон бөгөөд өглөө галт тэрэгнээс буугаад шууд Улаанбадрах сумаас 70км зайд байрлах Зөөвч овоо кемп рүү явсан маршрутыг тодорхой болгожээ. Түүнийг жолооч нь тосч авсан бөгөөд ямар нэгэн буудал, дэлгүүрээр ороогүй аж.
Энэ оны нэгдүгээр сараас дэлхийн улс оронд эрчимтэй тархаад байсан COVID-19 вирусийн халдвараас иргэдээ хамгаалж, болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам хил хаах, хөл хорио тогтоох зэргээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан.
БНХАУ-ын Ухань хотоос гаралтай уг вирус дэлхийн 100 гаруй улсад бүртгэгдэж 3 мянга гаруй хүн нас бараад байна. БНСУ, БНХАУ зэрэг Монгол Улстай хил залгаа оршдог улс орнуудад халдварын тархалт эрчимжсэн ч хязгаарлалт, тусгаарлалтыг сайтар хангаж ажилласны үр дүнд манай улсад вирусийн халдвар бүртгэгдээгүй гуравдугаар сарыг хүрсэн. Гэвч Франц улсын иргэн халдвараар өвчилсөн болох нь тогтоогдоод байна.
Халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн энэ үед иргэд, олон нийт айж сандралгүй онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байж өвчлөлөөс урьдчилан сэргийлж гэр гэртээ байхыг зөвлөж байна.
Доорх энгийн таван аргыг амьдралын дадал хэвшил болгож дархлаагаа дэмжвэл та COVID-19 вирусийн халдвар авах магадлал бага. Хэрэв халдварласан тохиолдолд богино хугацаанд бүрэн эдгэрэх боломжтой гэдгийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл зөвлөсөн.. Үүнд:
1. Дулаан хувцаслаж, даарч хөрөхгүй байх
2.Халуун шөл, шингэн зүйл их хэмжээгээр ууж, жимс ногоо түлхүү хэрэглэх
3.Дасгал хөдөлгөөн хийх
4.Сайн унтаж амрах
5.Бага стрессдэх
Харин зайлшгүй гадуур гарах ажилтай бол амны хаалтаа зүүж, гэрээсээ гарч зорьсон газраа хүрсэн даруйдаа гараа 30 секундын турш бактерын эсрэг үйлчилгээтэй савангааар сайтар угааж, гар ариутгагч бодисыг байнга биедээ авч явж, олон нийтийн газраар үйлчлүүлсэн, цахилгаан шатны товчлуур дарсан даруйдаа гараа ариутгаж хэвшихийг сануулж байна.
Халдвар бүртгэгдлээ гэдэг нь бүх зүйл ингээд дуусч байгаа хэрэг биш. Хамгийн сүүлийн жишээ дурдахад БНСУ-ын нэг мужид халдвар авсан иргэн бүртгэгдсэн бөгөөд тус мужийн засаг захиргааны байгууллагууд даруй арга хэмжээ авсны үр дүнд халдвараар өвчилсөн иргэнээс дамжин халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна. Мөн тус халдвар тээгч нь суурь өвчингүй залуу хүн байсан тул эдгэрч эмнэлгээс гарсан сайхан мэдээ байна.
Тиймээс хэдий Монгол Улсад вирусийн халдвар бүртгэгдсэн ч иргэд дор бүрнээ хариуцлагаа ухамсарлаж чадвал Монгол хүн COVID-19 тусахгүй, эрүүл саруул байх боломж бий.
Та өөрийгөө COVID-19-өөс хамгаалах их амархан. Хүн ихээр цугларсан газарт очихгүй байх, нус цэрээ ил задгай хаяхгүй байх, халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх, ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх, гараа сайтар савандаж угааж, халдваргүйжүүлэх хэрэгтэй.
Дэлхий нийтийг цочроож буй вирусийн эсрэг таны хийж чадах зүйл энэ. Дор бүрнээ эрүүл мэндийг сахин хамгаалъя. Айх хэрэггүй ээ, амьдрал үргэлжилнэ…
Эх сурвалж: shuud.mn