Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

     Өнгөрсөн хоногт: Завхан, Орхон аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн  хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга  шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг -Үүр голын хөндийгөөр 10-15 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 13-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 15-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 12, 13-нд  говь, талын нутгаар, 14-нд Алтайн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 15-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар  шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Задгай”-д “Цонх констракшн” ХХК-ийн хог хаягдал хийдэг 5х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 13:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км зам туулан 14:05 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top