Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж,  зөөлөн  цасан шуурга  шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр 10-15 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 13-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 15-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 13, 14-нд говь, талын нутгаар, 15, 16-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 14, 16-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн “Ямаатын хонхор” гэдэг газар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтын цэгт 2х4 метрийн хэмжээтэй зөөврийн байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 03:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 03:40 цагт очиж шатаж байсныг 3 минут унтраасан. Уг гал түймэрт иргэн Э /21 настай, эрэгтэй/-ын 2 гарын сарвууны гадна хэсэг бага зэрэг түлэгдсэн.

Хувийн өмчид гарсан: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг “Тамир” хорооллын 56 дугаар гудамжинд иргэн Б-ын 5 ханатай гэр, хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 12 алба хаагч, 4 автомашинтайгаар 3 км замыг туулан 16:11 цагт очиж 4:03 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамжинд иргэн Л-ийн 7х11 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 01:36 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 01:44 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хамтын болон гадаад улсын өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Мандал сумын төмөр замчдын 1 дүгээр баг “Ариун баптист” сүмийн 8х5 метрийн хэмжээтэй уурын зуухны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 07:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 07:49 цагт очиж 26 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр :

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Наран толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.11-ний өдрийн 12:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул суман дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангиас 12 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0275 дугаар ангиас 5 алба хаагч, Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газраас 21 иргэн, 2 автомашин, Баяндун сумын Засаг даргын Тамгын газраас 25 иргэн, 2 автомашин, нийт 63 хүн, 5 автомашинтай ажиллаж 22:00 цагт цурманд оруулж, 04:00 цагт бүрэн унтраасан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Өндрөөс аврах: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 45 дугаар байрны дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 13:57 цагт очиж 10 минут ажиллан иргэн Н /21 настай, эмэгтэй/-ийг амиа хорлох гэж байсныг аварч аюулгүй болгосон.

 Бусад: Ховд аймгийн Зэрэг сумын төвөөс Гүвээ багийн чиглэлд зорчин явсан /аймгийн   төвөөс зүүн урд зүгт 135 км, сумын төвөөс хойд зүгт 10 км/ иргэн Ө-ийн Верна аксент загварын 2 зорчигчтой автомашин Салаа голын мөсөнд цөмөрч урд хэсэг орсон тухай дуудлагыг 03.11-ний өдрийн 22:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 21:50 цагт очиж 20 минут ажиллаж тус автомашиныг татан гаргасан.

5.Мэдээлэл:

 Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Өвөрхангай аймгийн Баянгол сумын 4 дүгээр багийн “Богины-Ар” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 12 км/ малчин Б-ын малын байр, хураалттай өвс шатаж байна гэсэн мэдээллийг 03.11-ний өдрийн 18:00 цагт / хүлээн авсан. Тус сумын Онцгой комиссын 10 хүн, 1 автомашинтай 12 км замыг туулан 18:35 цагт очиж 2:10 цаг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top