БНСУ-аас тусгай нислэгээр эх орондоо ирж байгаа иргэдийг эмнэлэг, сувиллын зориулалтын болон цэргийн хуарангийн зохион байгуулалттай байруудад тусгаарлахаар болж хоёр өөр төлбөрийн нөхцөлийг гаргаад байсан.
Эхний ээлжийн нислэгээр ирэх 250 иргэний 60 гаруй хувь нь цэргийн зориулалтын байранд тусгаарлагдахаар төлбөрөө хоногийн 40 000 төгрөгөөр тооцоолж холбогдох дансанд байршуулсан юм.
Харин Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр тусгаарлах байруудын нөхцөлтэй танилцаад цэргийн хуарангийн зориулалттай байранд нэг өрөөнд иргэдийг хэт олноор байрлуулах нь эрсдэлтэй байна гэж үзсэн тул эхний ээлжийн иргэдийг эмнэлэг, сувиллын газруудад тусгаарлаж, цэргийн хуарангийн зориулалттай байрны нөхцөлийг цаашид сайжруулан нөөцөд үлдээх шийдвэрийг гаргалаа.
Иймд цэргийн хуарангийн зориулалттай байранд тусгаарлагдахаар төлбөрөө шилжүүлсэн иргэд сувиллын газарт тусгаарлагдах болсон тул зөрүү төлбөрийг нэмж төлөхөөр болж байна.
Цаашид Сөүл, Токио, Москва, Истанбулын тусгай нислэгээр ирэх иргэд бүгд хоногийн 50000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр болж байгааг анхаарна уу гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.