Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 6-11 м/с, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 16, 18-нд говь, тал хээрийн нутгаар 17, 19-нд зарим газраар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн “Хялганат” гэдэг газарт /аймгийн  төвөөс зүүн урд  зүгт 120 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 55 км-т/ иргэн Г-ийн 8х8 метрийн хэмжээтэй  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.13-ны өдрийн 06:52 цагт хүлээн авсан. Орон нутгийн 20 иргэн, 4 автомашинтай 5 цаг 15 минут ажиллаж унтраасан.  Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн Г /42 настай, эрэгтэй/, Б /14 настай, эмэгтэй/, Х /6 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул  цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. А /17 нас, эмэгтэй/, Д /15 настай, эмэгтэй/ нар түлэгдсэн, биеийн байдал хүнд байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эрчимт эмчилгээ”-ий тасагт 03:13-ны өдрийн 20:10 цагт  авчирч хэвтүүлэн хордлого тайлах, тогтворжуулах эмчилгээ хийсэн. Гал түймэрт түлэгдсэн 2 хүүхэд болон тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт “Тархины цус харвалт” гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Ц /34 настай, эрэгтэй/ нарыг 03.14-ний өдрийн 07:30-17:20 цагийн хооронд ЗХ-ийн 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр ОБЕГ-ын 1 алба хаагч, ГССҮТ-ийн 2 ажилтан, экипажийн 4 алба хаагч, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатар хот-Хөвсгөл аймгийн Мөрөн сум-Улаанбаатар хотын чиглэлд нислэг үйлдэн авчирч ГССҮТ-д шилжүүлэн өгсөн.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 3  дугаар багийн “Цагаан түнгэ” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ иргэн К-ийн 10 тн өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 00:55 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай  15 км зам туулан 01:22 цагт очиж 3 цаг ажиллаж унтраасан. 

3.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Мухар хөндий багийн “Цахир” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 17 км-т/ тус багийн харьяат малчин Л-ийн 8х10 метрийн хэмжээтэй өвөлжөө 03.14-ний өдрийн 08:00 цагт шатсаны улмаас 150 бог мал өртөж хорогдсон. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Жамбалдорж мөн өдрийн 13:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь багийн 4 дүгээр гудамжинд Баянхонгор аймгийн Жинст сумын од иргэн Т-ын 5 ханатай гэр 03.15-ны өдрийн 01:40 цагт шатсан. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Цэрэндорж мөн өдрийн 02:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top