Амардаггүй албатууд: Нийтийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа бидэнд ажилдаа түүртэх эрх байхгүй

safe_image.php_.jpg

Онцгой байдал, цагдаа, яаралтай тусламжийн эмч, мэргэжлийн хяналтын байцаагч нар хотоос гарах, орох товчоон дээр өдөр шөнөгүй ажиллаж, иргэн бүрийн биеийн байдлыг шалган ажиллаж байна. Онцгой нөхцөлд нийтийн сайн сайхнытөлөө ажиллаж байгаа амардаггүй албатуудыг хэрхэн ажиллаж байгааг сурвалжилжлахаар Баянзүрх, Налайхын шалган нэвтрүүлэх цэгийг зорилоо.

Тус шалган нэвтрүүлэх товчоонд ажиллаж буй Налайх дүүргийн Онцгой  байдлын  хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Г.Ганзориг “Энд ажиллаж байгаа төрийн албаныханд туслаж, дутууг нь гүйцээгээд ажиллаж байна даа. Иргэд халуунаа шалгуулах гээд бидний шаардлагыг төвөгшөөхгүй хүлээж авч байна. Гэхдээ зарим иргэн уурлах, төвөгшөөх хандлага гаргадаг ч олонхи хүмүүс эерэгээр хүлээж авч байгаа учраас бидний ажил саадгүй хурдан явж байна. Иргэд маань ухамсартай хандаж үүргээ биелүүлж, бидний ажлыг хүндэтгэж байгаад нь их баяртай байна” хэмээн онцолж  байсан юм.

Иргэдийн хувьд төр засгийн шийдвэрийг дагаж, ямар нэг зөрчил гаргахгүй байгаа нь цагдаа, онцгой, яаралтай тусламжийн эмч нарын ажилд ихээхэн дэм болж байгааг үүрэг гүйцэтгэгчид хэлж байлаа.

Бид цаашлаад шалган нэвтрүүлэх товчоонд ажиллаж буй цагдаагийн албан хаагчид болон эмнэлэг, мэргэжлийн хяналтын ажилчдад туслах зорилгоор халуун аарц, хоол авчирж өгч байгаа нэгэн гэр бүлтэй таарсан юм.

Налайх дүүргийн иргэн С.Ариунбаяр хэлэхдээ “Эдгээр ажилчид  бол үнэхээр баатрууд. Бидний эрүүл мэндийн төлөө нойр хоолгүй ингэж зүтгэж ажиллаж байгаа учир бид боломжоороо туслах хэрэгтэй. Тиймээс товчоон дээр ажиллаж байгаа төрийн албан хаагчдад халуун аарц, цай, хүнсний бүтээгдэхүүний зүйлээр тусалж байгаа юм. Бид дор бүрнээ хариуцлагатай, ухамсартай байх л хэрэгтэй. Бидний төлөө нойр хоолгүй ажиллаж байгаа албатууддаа сайн үг хэлж, боломжоороо туслахыг хичээж байна” гэсэн юм.

Дараа нь Налайх дүүргийн замын цагдаагийн газрын ахлах ахлагч Г.Сүхбатаас замын ачаалал, нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Автобус болон жижиг машинууд их гарч орж байгаа харагдаж байна. Таныг гарснаас хойш замын ачаалал хэр их байна.

-Хот, улс хоорондын замын орох, гарах хөдөлгөөнийг хаасантай холбоотойгоор ойрын өдрүүдэд замын ачаалал харьцангуй бага байна. Налайхаас Улаанбаатар хот руу тээвэрлэлт хийж байгаа автобус өглөө 07 цагаас орой 18 цаг хооронд орж гарч байна. Харин жижиг автомашины хувьд мэдээж зөвшөөрөлтэй хөдөлгөөнд оролцсон. Улсын онцгой комиссоос зөвшөөрөл өгсөн ар гэрийн гачигдал, албан томилолт, ачаа тээвэрлэлт хүнсний бүтээгдэхүүн гэсэн шалтгаантай иргэд орж гарч байна.

-Автобусанд иргэд олноороо зорчиж явдаг. Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг нэг бүрчлэн үзэж байгаа юм уу. Ер нь ариутгал халдваргүйжилт яаж хийж байгаа вэ?

-Автобусны ариутгал халдваргүйжилтийг бол Налайхаас гарахдаа хийнэ. Харин иргэдийн биеийн байдлыг нэг бүрчлэн шалгаж халууныг нь үзэж, зөвшөөрлийн бичгийг үзээд хөдөлгөөнд оруулж байна.

-Хулгайн замаар явах зөрчил гарч байна уу?

-Иргэд хулгайн замаар зорчих тохиолдол их гаргасан. Цас их орсон учир одоо бол буурсан байгаа. Ерөнхийдөө дөрвөн газраар хулгайн замаар хөдөлгөөнд оролцоод байсан тэдгээр замуудыг хаасан. Бид замын баруун болон зүүн талуудад хөдөлгөөнт эргүүл гаргаж байгаа. Ихэнх нь хот руу орохын тулд янз бүрийн шалтаг гаргаж нэвтрэх тохиолдол их гарч байна.

-Та бүхний ажлыг хүндэтгээд иргэд хоол, цай бариад ирж байна. Иргэддээ хандаж үг хэлнэ үү?

-Иргэд сайн дурын үндсэн дээр нэлээдгүй санаачилга гарган үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад амны хаалт, ариутгалын бодис хандивлан, халуун хоол цайгаар үйлчлэн сэтгэлийн дэм үзүүлсэнд бид бүхэн маш их талархаж байна. Цаашид ард иргэд маань бидний ажлыг дэмжин ариутгалын хувцас, хэрэгсэл гэхээс илүүтэйгээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх талаар төр засгаас гаргасан шийдвэр, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмж, тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахыг цагдаа, яаралтай тусламж, мэргэлийн хяналтын байгууллага, дотоодын цэргийн байгууллагаас уриалж байна. Хамгийн гол нь иргэдийн хувьд хууль дүрмээ сахин биелүүлэх нь цагдаагийн байгууллагын хувьд хамгийн том дэмжлэг байдаг юм шүү.

Энэхүү шалган нэвтрүүлэх товчоон дээр эрүүл мэндийн байгууллагын 11 ажилтан, цагдаагийн байгууллагаас 4, онцгой байдлын 2, мэргэжлийн хяналтаас 2 гээд нийтдээ 19 ажилтан үүрэг гүйцэтгэж байлаа. Тэд өглөөний 07.00 цагаас эхлээд дараа өдрийн 07.00 цаг хүртэл бүтэн хорин дөрвөн цаг ямар ч ээлжгүйгээр хасах 8-20 хэмийн хүйтэнд ажиллаж байгаа нь энэ юм.

“Хүйтэн байна уу, ядарч байна уу” гэх сэтгүүлчийн асуултад тэд “Нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө ажиллаж байгаа бидэнд ядрах, ажилдаа түүртэх эрх байхгүй” гэж нэгэн дуугаар илэрхийлж байгааг хараад бархахгүй, талархахгүй байхын аргагүй. Тийм ээ, тэд бол нийгмийн сайн сайхны төлөө онцгой үүрэг хүлээсэн амардаггүй албатууд юм.

Эх сурвалж: itoim.mn

scroll to top