1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Увс аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, ялимгүй хур тунадас орно, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, өдөртөө 4-6 градус дулаан байна.
Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21, 22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, 23-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 20-нд нутгийн зүүн хэсгээр, 23-нд зарим газраар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар дулаарна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Хонхор багийн “Гашуун”-ы 4 дүгээр гудамжинд иргэн Г-ийн хашаанд 3 тн нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 14:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 14:29 цагт очиж 36 минут ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн “Малх”-ын 2 дугаар гудамжинд иргэн М-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 14:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 14:32 цагт очиж 7 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт М /4 настай, эмэгтэй/, С/1 нас 9 сартай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 3 дугаар гудамжинд иргэн О-ийн хашааны банз шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 15:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 15:44 цагт очиж 8 минут ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн “Хангай”-н 16 дугаар гудамжинд иргэн Т-ын 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 16:10 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Задгай”-д иргэн Э-ын 5 ханатай гэр, малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 16:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 20 км зам туулан 17:25 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Энхжин” хотхоны 101 дүгээр байранд иргэн Б-ийн 4х5 метрийн хэмжээтэй өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 19:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 19:39 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Булаг”-ийн 3 дугаар гудамжинд иргэн Ө-ын 4 ханатай гэр, 4х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 22:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 22:27 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км/ Монгол Улсын хилийн 834-835 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-с хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 03.18-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0275 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашин, мөн 0287 дугаар ангийн 20 алба хаагч, 2 автомашин, Баян-Уул сумын 36 иргэн, 5 автомашин, Цагаан-Овоо сумын 8 иргэн, 1 автомашин, нийт 81 хүн, 10 автомашинтай ажиллаж 17:30 цагт унтраасан. Уг гал түймэрт 3290 га талбай шатсан.
4.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн “Дулаан” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ Хэрлэн голын 7 метрийн өргөн, 70 метрийн урттай модон гүүр 03.18-ны өдрийн 12:30 цагт шатсан тул орон нутгийн 25 иргэн, 5 автомашинтай ажиллаж унтраасан. Мэдээллийг тус багийн Засаг дарга Ж.Март мөн өдрийн 13:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР