Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтайн өвөр говиор ялимгүй хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус  дулаанаас 1 градус хүйтэн, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 2-7 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар,  25-нд зарим газраар, 26-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24, 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус  хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 33 дугаар гудамжинд иргэн Ц-ийн 2 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 07:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 07:24 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 2 дугаар гудамжинд иргэн Б-ын амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 21:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 21:13 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.       

Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн Тавьтын 2 дугаар гудамжинд иргэн Б-ын амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.21-ний өдрийн 23:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн  5 алба хаагч, 1 автомашинтай 0.3 км замыг туулан  23:09 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.       

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Баруун Баян-Уул”-ын амралтын хажууд зуны 2 байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 01:12 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 15.5 км замыг туулан 02:00 цагт очиж, 55 минут ажиллаж унтраасан.        

   ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top