1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий цас орж цасан шуурга болсон. Увс аймгуудад цас орсон. Ховд аймагт бороо орсон.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутаг болон Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 градус дулаан, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Өдөртөө 11-13 градус дулаан байна.
Төлөв байдал: 25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна. 28-наас ихэнх нутгаар дулаарна.
2.Гал түймэр:
Төрийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) 3 дугаар баг Түргэний 6 дугаар гудамжинд “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ-ын 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 20:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 20:24 цагт очиж 7 минут ажиллаж унтраан аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 20 дугаар гудамжинд иргэн Т-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км замыг туулан 10:37 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 10 дугаар гудамжинд иргэн Д-ийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 22:21 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн “Тэмээн хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 157 км, сумын төвөөс урд зүгт 35 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.23-ны өдрийн 10:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын ЭХАА-ийн бүлгийн 11 алба хаагч, 1 автомашин, Хөлөнбуйр сумын Засаг даргын Тамгын газраас 18 иргэн, 2 автомашин, Булган сумын Засаг даргын Тамгын газраас 22 иргэн, 3 автомашин, нийт 51 хүн, 6 автомашинтай ажиллаж мөн өдрийн 18:00 цагт цурманд оруулж 19:24 цагт бүрэн унтрааж Хөлөнбуйр сумын Засаг дарга У.Ганхуягт хүлээлгэн өгсөн. /Уг гал түймэрт 1800 га талбай өртөж шатсан. Түймрийн солбилцол:N 49081’07.78”, E 113031’23.6” /
Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Даамайн гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 21 км/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн, 3 автомашин, нийт 36 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж мөн өдрийн 19:45 цагт цурманд оруулсан бүрэн унтраахаар цэвэрлэгээ хийн ажиллаж байна. Уг гал түймэрт 13 га ойн талбай шатсан.
4. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Баянзүрхийн гүүрний дэргэд Туул голд хүний цогцос байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 17:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 20 км замыг туулан 17:47 цагт очиж тус гүүрний баруун талд 200 орчим метрийн зайд нэр тодорхойгүй, 50-60 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг 2 цаг ажиллаж гарган тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 1 дүгээр багийн “Шинэ ус” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км/ иргэн Б /25 настай, эрэгтэй/ 03.22-ны өдрийн 20:00 цагт иргэн Д-ийн гэрээс гараад одоог хүртэл сураггүй болсон тухай дуудлагыг 03.23-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газраас 5 алба хаагч, 1 автомашин, сумын Засаг даргын тамгын газраас 4 ажилтан, 2 мотоцикл, нийт 9 хүн, 1 автомашин, 2 мотоциклтой 03.23-ны өдрийн 16:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Баян-Өлгий аймгийн Бугат сумын 5 дугаар багийн “Англах” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойл зүгт 40 км, сумын төвөөс урд зүгт 40 км/ Иргэн Ж /22 настай, эрэгтэй/, С /14 настай, эрэгтэй/ нар 03.23-ны өдрийн 21:30 цагийн үед малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.23-ны өдрийн 23:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашин, Бугат сумын мэргэжлийн ангийн 5 иргэн, ар гэрийн 2 иргэн, 2 автомашин, нийт 12 хүн, 3 автомашинтай 02:10 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн 1 дүгээр гудамжинд иргэн Э /4 настай, эрэгтэй/ 03.22-ны өдрийн 17:00 цагийн орчим Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 22:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 нохой, 1 автомашинтай, тус сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан 64 иргэн, 17 автомашин, 2 мотоцикл, ар гэрийн 2 хүн, 1 мотоцикл, нийт 69 хүн, 18 автомашин, 3 мотоциклтэй 03.23-ны өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралын шийдвэрээр аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан 6 алба хаагч, 1 автомашинтай 14:17 цагаас нэмэлтээр ажиллаж байна.
Бусад: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг “Зостын хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 40 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/ Ховд сумаас Улаангомын чиглэлд явж байсан аймгийн Эрүүл мэндийн төвийн 2 жирэмсэн эх авч явсан Пургон загварын автомашин цасанд суусан дуудлагыг 03.24-ний өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, 1 автомашинтай 40 км замыг туулан 02:50 цагт очиж 10 минут ажиллаж автомашиныг татан гаргасан.
Увс аймгийн Тариалан сумын Хар толгой багийн нутаг “Шүүж” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км/ малчин Г /45 настай, эрэгтэй/, А /22 настай, эрэгтэй/ нар малтайгаа хамт цасанд боогдсон дуудлагыг 03.24-ний өдрийн 03.24-ний өдрийн 02:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, 1 автомашинтай 20 км замыг туулан 04:10 цагт очиж “Шүүж” гэдэг газраас иргэн Г, А нарыг эсэн мэнд олсон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР