Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Хөвсгөл аймагт бага зэргийн цас орсон. Дорнод, Хөвсгөл, Хэнтий аймгийн зарим нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, нутгийн зүүн хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 10-15 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 30-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 27-нд зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд ихэнх нутгаар, 30-нд говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 29-нд баруун аймгуудын нутгаар, 30-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанӨвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар  багийн “Өв Таван-Эрдэнэ” ХХК-ийн үйлдвэрийн агуулах дотор иргэн А-гийн эзэмшлийн “Дайхацу Хайжет” загварын бага оврын ачааны автомашины бүхээг шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 13:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2  км замыг туулан 13:19 цагт очиж, 14 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр багт нүүрсний хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 13:37 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 13:41 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Баяндаваа багт иргэн Г-гийн “Верна аксент” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 18:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 18:46 цагт очиж, 8 минут ажиллаж унтраасан.           

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд иргэн Ч-гийн байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 02:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 02:58 цагт очиж,  25 минут ажиллаж унтраасан.  Уг гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Ч /56 настай, эрэгтэй/ өртөж нас барж, цогцсыг иргэд гаргасан байсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.  

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн Задгайд иргэн Д-гийн байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 07:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 08:02 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.    

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэрДорнод аймгийн Цагаан-Овоо сумын Зүрх багийн “Бугат” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 10:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 24 алба хаагч, орон нутгийн 62 иргэн, Сэргэлэн сумын 23 иргэн, нийт 109 иргэн, 19 автомашинтай 14:47 цагт очиж, 1 цаг ажиллаж мөн өдрийн 15:46 цагт хээрийн түймрийг бүрэн унтрааж, тус сумын Засаг дарга Т.Баярмагнайд хүлээлгэн өгсөн.              

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн “Эмээлтийн-Уурхай” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 65 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 15:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 24 алба хаагч, Баяндун сумын 10 иргэн, Сэргэлэн сумын 40 иргэн, “Шин-Шин” ХХК-ийн 50 ажилтан, нийт 124 иргэн, 11 автомашинтай 2 цаг 30 минут ажиллаж, мөн өдрийн 18:05 цагт хээрийн түймрийг унтрааж, тус сумын Засаг даргын орлогч Б.Гантулгад хүлээлгэн өгсөн.          

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн Хавчиг тохой” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд  зүгт 125 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ Ховд аймгийн Мөст сумаас Ховд аймгийн чиглэлд тус аймгийн харьяат иргэн Х /38 настай, эрэгтэй/ “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашин жолоодож яваад замын хажуу руу унаж автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 03.25-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, ар гэрийн 2 иргэн, нийт 9 хүн, 2 автомашинтай 125 км замыг туулан 16:20 цагт очиж, 35 минут ажиллан иргэн Х-г эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.  

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багт иргэн А-гийн хүү Э /4 настай, эрэгтэй/ 03.22-ны өдрийн 17:00 цагийн орчим “Сэлэнгэ” голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 22:55 цагт хүлээн авсан. 03.25-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, тус сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан орон нутгийн 105 иргэн, ар гэрийн 5 хүн, нийт 118 хүн, 1 эрэлч нохой, 19 автомашинтай 06:30 цагаас  Сэлэнгэ сумын төвөөс “Хараагийн Ар”, “Жарамхайн цөөрөм” гэдэг газар хүртэл 17 км-т явганаар болон автомашинтай,  тус сумын Таримал багийн “Урд салаа” гэдэг газраас, “Сэлэнгэ” мөрний гүүр хүртэл 500 метрт завьтай, 400 метр урт, 15 метр өргөнтэй голын мөсийг хагалж урсган 2-7 метрийн гүнд 8 удаагийн шумбалтыг хийж  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан  боловч үр дүнд хүрээгүй. Эрэн хайх ажиллагааг зохион байгуулахад нөхцөл байдал хүндрэлтэй байгаа тул ар гэрийнхэнтэй зөвшилцөж Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр 20:00 цагт түр зогсоосон.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top