Сөүл, Токиогоос гурван удаагийн тусгай нислэгээр 750 иргэнээ эх орондоо авчирна

J1A0393.jpg

   Улсын Онцгой комиссын шуурхай штабаас гадаад улсад байгаа Монгол улсын иргэдээ татан авах ажиллагааны талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат нар өгсөн юм.

 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Дэлхий нийтэд тархан суурьшсан 4805 иргэн Монгол Улсад ирэх хүсэлтээ элчин сайдын яамд болон дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан мэдэгдлээ хүргүүлсэн байна. Дэлхийн 100 гаруй улс иргэдээ гадаад улс орноос татаж авч байгаа. Энэ бол зөвхөн Монгол Улсад хийгдэж байгаа үйл ажиллагаа биш. Өнөөдөр өглөө Австралийн Засгийн газраас хүсэлтээ илэрхийлсний дагуу Монгол Улсад суугаа 6 иргэнээ татаж авах ажиллагаа хийгдлээ. Энэ амралтын өдрүүдэд БНСУ-аас Монгол Улсад суугаа иргэдээ татаж авах ажиллагаа явагдана. Ойролцоогоор 200 орчим Солонгос иргэн нутаг буцна. Харин манай улсын хувьд Сөүл, Токио руу дахин нислэг хийж, нийт 750 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах гэж байна. Ирэх сарын 02,04-нд Сөүл, 03-нд Токиогоос иргэдээ эх орондоо авчирна. Гурван удаагийн тусгай нислэгээр ирж байгаа иргэдийн хувьд ирээд тусгаарлах байранд 21 хоног тусгаарлагдана. Тусгаарлах байранд байх 21 хоногийн төлбөрийг төлнө. Мөн тухайн улс орондоо шинжилгээнд хамрагдсан байх ёстой. Шинжилгээний бичгийг үндэслэж, онгоцонд суух зөвшөөрлийг өгнө.  Ямар нэгэн шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр хариу нь эерэг гарсан бол онгоцонд суулгахгүй. Тухайн улс нь олон улсын хамтын ажиллагааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу иргэнийг эмчилгээнд авч үлдэнэ. Монгол Улсаас Солонгос руу явахаар 300 гаруй хүн хүсэлтээ гаргасан. Тэдэнд тавих ганц шаардлага нь энэ өвчин намдаж, олон улсын нислэгүүд хэвийн горимд ортол тэднийг эргүүлж авахгүй. Тэр хүн өөрөө эрсдэлээ үүрэх ёстой” гэлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Сөүлээс ирэхээр 800 орчим хүн бичгээр хандсан. Тиймээс энэ удаад ирэх хоёр тусгай нислэгт эдгээр иргэдээс ирнэ. Шинжилгээг тухайн улсдаа хэрхэн өгөх талаар Элчин сайдын яамнаас өнөөдрөөс чиглэл өгч хамгийн боломжит хэлбэрээр, аюул эрсдэл багатайгаар зохион байгуулах талаар иргэдэд тухай бүрт мэдээлэл өгнө” хэмээлээ.

  МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат  “Гурван удаагийн тусгай нислэгт Мэргэжлийн хяналтын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын хоёр байцаагч дагалдан явж, онгоцны буудал дээр болон онгоцонд иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, асуумж авах ажлыг зохион байгуулна. Эдгээр байцаагч нь эмч мэргэжилтэй. Халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах тул иргэд тэдний зааврын дагуу тайван, хүлээцтэй байх хэрэгтэй. Зорчигчдод өгөх асуумж нь эрүүл мэндийн 20 асуулттай ба үүнээс 14 төрлийн шинж тэмдгийг зорчигч заавал бичих ёстой. Үнэн зөв бичихгүй бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх талаар сануулсан байгаа.  Сүүлийн 10 хоногт явсан газрууд болон хаагуур дамжиж ирж байгаагаа заавал бичнэ. Дэлгэрэнгүй бичнэ. Онгоцонд аль болох шилжилт хөдөлгөөн хийхгүй, суудалдаа сууж, амны хаалтаа зүүх ёстой. Онгоцонд суухад амны хаалт тарааж өгнө. Тодорхой хугацааны дараа амны хаалтаа солино. Сольсон маскаа хаа хамаагүй хаяхгүй. Онгоцны үйлчлэгч тусгай саванд хүлээж авна.  Халуун бууруулах эм хэрэглэх шаардлагагүй. Эрсдэлтэй байгаагаа эртхэн мэдэгдсэнээр эмчлэн тусгаарлах байр руу явж, эмчлүүлэх ба энэ нь эрүүл мэндээ хамгаалж буй хэрэг. Энгийн нислэг биш учраас онгоц газардахад бүх хүн босоод, үймж болохгүй. Бүх хүний нэрийг дуудах тул нэр дуудахад л босож, заасан хаалгаар гарна. Ингэснээр тухайн иргэнийг тусгаарлан эмчлүүлэх үү, тусгаарлан ажиглуулах уу гэдгийг шийднэ. Цаашлаад бусдад болон өөрийн эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхад тустай юм” хэмээн анхаарууллаа.

 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Иргэдээ татан авахтай холбоотой нарийн заавар зөвлөмжийг бид мэргэжлийн байгууллагуудын вэб сайтад албан ёсоор байршуулна. Тэр заавар зөвлөмжтэй сайтар танилцаж, дагаж мөрдөх хэрэгтэй. Тэр тусмаа тусгаарлалтад орж байгаа иргэдийн ачаа тээврийг тодорхой хугацаанд тусгаарлах тул хувийн ариун цэврийн зүйлс болон эм тариагаа гартаа барих ёстой. Ачаанаасаа юм авна гэдэг асуудал байхгүй тул хувийн зохион байгуулалтдаа анхаараарай. Шуурхай штаб дөрвөн том бүлэгт хуваагдан ажиллаж, иргэдийг хүлээж авах боломжтой тусгаарлах байруудын судалгааг гаргасан” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top