Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод,  Дарьгангын тал нутгаар 7-12 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд зарим газраар, 31-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 30-нд ихэнх нутгаар, 31-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүсч, зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 1-6 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 4-р сарын 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

 ААН, байгууллагын өмчид гарсан: Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн задгай “За-Энком” ХХК-ийн агуулахын дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ний өдрийн 17:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 43 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 17:38 цагт очиход 9х10 метрийн хэмжээтэй агуулахын таазны хэсэг шатаж байсныг 1 цаг 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн ажилчны 1 дүгээр гудамжинд амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 09:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 09:49 цагт очиход, иргэн Ц-х өнжмөл өвс, хог шатааж байгаад гал алдсаны улмаас тус гудамжны 1 тоотод оршин суугч иргэн Х-ийн эзэмшлийн 4×5 хэмжээтэй амбаар, хашаа шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн 1 дүгээр гудамжинд иргэн Б-ын эзэмшлийн 2 давхар байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 12:55 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 12:58 цагт очиж, 12х10 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Мянганы замд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 13:13 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашин 13.5 км замыг туулан 13:27 цагт очиход UL equipment ХХК-ийн эзэмшлийн 40 тн чингэлэгт эд зүйл шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Баян турууны 11 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 15:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 12 км замыг туулан 15:58 цагт очиж, иргэн Г-ийн 5 ханатай гэр бүрэн, 1х1 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 0.7 га талбайд өнжмөл өвс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус 1 хорооллын 48 дугаар байрны 3 дугаар орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг 03.28-ны өдрийн 21:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 21:56 цагт очиход тус тоотод буйдан ор шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Мөн тус байрны ариун цэврийн өрөөнд иргэн М /45 настай, эрэгтэй/ нас барсан байдалтай байсныг тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Т.Идэртулгаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Товчооны 14 дүгээр гудамжинд ачааны автомашин шатаж  байна гэсэн дуудлагыг 03:29-ний өдрийн 00:36 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11.5 км замыг туулан 00:46 цагт очиход иргэн Б-ын эзэмшлийн “Хово” загварын ачааны автомашины бүхээгийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Гал түймрийн талаар: Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багийн “Сайрын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т, сумын төвөөс зүүн зүгт 75 км-т/ Малчин П, Э нарын 2 өвөлжөө 03.28-ны өдрийн 05:00 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 03.28-ны өдрийн 09:17 цагт хүлээн авсан. Орон нутгийн 34 иргэн, 4 автомашинтайгаар ажиллаж, 50х60 метрийн хэмжээтэй өвөлжөө, саравч болон өтөг бууц шатсаныг 17:51 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт малчин П, Э нарын 13 бод, 594 бог, нийт 607 мал өртөж хорогдсон. Хорогдсон малын сэг зэмийг булж устгасан тухай тус сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Энхболд аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

4. Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Шилийн тойрог” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 250 км-т, сумын төвөөс баруун зүгт 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.28-ны өдрийн 16:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халх гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашин, Ялалт багийн 10 иргэн, 1 автомашин, “Петро-чайна дайчин тамсаг” газрын тосны үйлдвэрийн 6 ажилтан, 1 автомашин, нийт 28 хүн, 3 автомашинтайгаар ажиллаж, мөн өдрийн 22:03 цагт түймрийг цурманд оруулж, 03.29-ний өдрийн 01:40 цагт түймрийг бүрэн унтрааж, тус багийн дарга Л.Үржиндоржид хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top