1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нийт нутгаар баруунаас 4-9 м/с, нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 1-6 градус, Алтайн өвөр говь болон Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газраар 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас 5-10 м/с, өдөртөө 11-13 градус дулаан байна.
Төлөв байдал: 5-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 5-нд зарим газраар, 6-нд говь, тал хээрийн нутгаар 13-15 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багт иргэн Х-гийн өвс шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 09:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 09:15 цагт очиж, 0.7 тн өвс шатаж байсныг 47 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 11:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 11:21 цагт очиж, 3х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний шалны хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
3.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн “Бууралын шивэрт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 04.01-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 24 алба хаагч, орон нутгийн 43 иргэн, нийт 67 хүн, 5 автомашин, 8 мотоцикл, 4 морьтойгоор ажиллаж, мөн өдрийн 21:00 цагт түймрийг хяналтанд авч бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 60 орчим га талбай шатсан.
Хээрийн түймэр: Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн /аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ Монгол Улсын хилийн 827-830 дугаар тэмдэгтийн чиглэлд ОХУ-ын талдаа хилээс 2 км-ын зайд хээрийн түймэр гарч байна, хил давж орох магадлалтай байна гэсэн мэдээллийг 04.01-ний өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч 18:15 цагт, Хэнтий аймгийн Дадал сумын мэргэжлийн ангийн 7 албан хаагч 19:35 цагт, Онон-Балжийн байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 8 ажилтан 19:30 цагт, нийт 30 хүн, 3 автомашинтай “Ульхан” хилийн заставт тус тус очсон. Улсын хилийн 833-1 дугаар тэмдэгтээр 0.1 км урттай, 2 км өргөнтэй хээрийн түймэр Монгол Улсын хилийг даван ирснийг хилийн 5 дугаар засватын 11 алба хаагч, орон нутгийн 5 малчинтай хамтран 20:10 цагт унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР