Дорнод аймгийн онцгой байдлын хэлтэс
Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс нь Монгол улсын Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоол, тухайн үеийн нэрээр ГХЕГазрын даргын 2004 оны 73 дугаар тушаалаар аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Аврах отряд, Улсын нөөцийн салбарыг нэгтгэн Гамшгаас хамгаалах штаб, нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 48 дугаар тогтоол, ОБЕГ-ын даргын 46 дугаар тушаалаар 2005 оны 3 дугаар сараас Онцгой байдлын хэлтэс болсон.Тус хэлтэс нь Эрэн хайх аврах салбар, Аврах гал унтраах 52 дугаар анги, Улсын Нөөцийн салбар гэсэн үндсэн нэгжүүдтэй үйл ажиллагаа явуулж байна.
Аврах гал унтраах 52 дугаар анги
Алс Дорнодод олон улсын байдал хурцдаж миллитарист Японы зүгээс БНМАУ-д халдан довтлох аюул улам бүр өсөн нэмэгдэж байсан 1938 оны эцсээр ДЯЯ-ны сайдын тушаалаар БАЯНТҮМЭН хотод /одоогийн Чойбалсан хот/ “Монгол тээхийн галын пост”-ыг Лувсандамба гэдэг бага даргатай 12 гал сөнөөгчтэй байгуулан манай гал командын эх суурь нь тавигдсан түүхтэй. Энэ үед уг постын гал сөнөөгчдийн ажлын нөхцөл хүнд гэрт байрлаж байсан ба гал унтраах машин техник байгаагүй ганц ус шахах гар насос, хушуу хоолой ойр зуурын гар багажаар үүрэг гүйцэтгэж байжээ.1939 оны 5-р сард ДЯЯ-ны шийдвэрээр уг постыг татан буулгаж гал командын хуучин байрлаж байсан газарт Дотоодыг хамгаалах хэлтсийн харъяа Гал команд нэртэй өөрчилж 15 хүний бүрэлдэхүүнтэй, ЗИС-5 маркийн гал унтраах 2 машинтай байгуулан даргаар нь дэслэгч Санжаасүрэнг томилон 5 гал сөнөөгч, 2 хүн жолоочтой ажиллаж байжээ. Дайны үе тул БАЯНТҮМЭН хот байнгын түгшүүртэй, Японы бөмбөгөнд өртөж гал гарах нь цөөнгүй байсан учир Гал командын бие бүрэлдэхүүн үргэлж байлдааны бэлэн байдалд ажиллаж гарсан галыг түргэн шуурхай унтрааж байлаа. 1961 онд ЗИЛ-164 маркийн ПМЗ-17 автоцистерн 2, ус тээвэрлэгч 2-той 1973 он хүртэл ажиллаж байгаад гал унтраах 52 дугаар анги болсон.Аврах Гал унтраах 52-р анги нь ОХУ-д үйлдвэрлэсэн ЗИЛ 130, ЗИЛ-131 маркийн гал унтраах тоног төхөөрөмж бүхий үндсэн албаны 2, туслах зориулалтын 2, шуурхай албаны 1 нийт 5 автомашинтай, салаан захирагч 4, гал унтраах авто машины жолооч 16, аврагч-гал сөнөөгч 32, дуудлага хүлээн авагч 4 гээд нийт 57 албан хаагчтайгаар ажиллаж байна.
Эрэн хайх аврах салбар
БНМАУ-н Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1974 онд Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба нэртэйгээр д/ч Батжаргал даргатай 1 ахлагч, 15 шүхэрчний орон тоотой 1 ГАЗ-51 автомашинтай байгууллагдсан. 1980 онд НАХЯ-ны харъяанд ГТТГ-ын Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба болж а/х Г.Лхагвасүрэн даргаар томилогдон, ахлагч 1, 15 шүхэрчин, 2 ГАЗ-66 машинтай үүрэг гүйцэтгэж эхлэв.1991 онд МУ-ын ЗГ-ын 92 дугаар тогтоолоор Улсын Иргэний хамгаалалтын газрын бүтцэд шилжиж байгалийн гамшигтай тэмцэх салбар нэртэйгээр бие даасан Иргэний хамгаалалтын цэргийн салбар анги болж д/ч Жанчив даргатай салбарын зааварлагч а/ч Ж. Адъяа, 24 шүхэрчин, ГАЗ-66 машин-3, ЗИЛ-130 машин 1-тэйгээр үүрэг гүйцэтгэж байсан. 1999 онд МУ-ын ЗГ-ын 169-р тогтоолоор Иргэний хамгаалалтын мэргэжлийн цэргийн аврах отряд болон өргөтөн зохион байгуулагдаж дарга д/х Ц.Батсуурь , орлогч а/д Д.Ганболд, салбарын дарга д/х М. Өлзий нарын 24 албан хаагчтай Ой хээрийн түймэр унтраах, төрөл бүрийн гамшиг осолд ажиллах, урьдчилан сэргийлэх үүрэг зорилготойгоор шинэчлэгдэн байгууллагдсан. 2004 онд МУ-ын ЗГ-ын 51-р тогтоолоор Гамшгаас хамгаалах ерөнхий газрын Дорнод аймгийн гамшгаас хамгаалах штабын Аврах отряд болон зохион байгуулагдаж д/х Ө. Хүрэлбаатар даргатайгаар ГАЗ-66 машин 1, УАЗ-2207 машин-1, 24 албан хаагчтайгаар үүрэг гүйцэтгэж ирсэн. 2011 оноос Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх аврах салбар болон өөрчлөгдөж онцгой байдлын дэслэгч Ц.Даваацэрэн даргатай 3 бүлгийн зохион байгуулалтай 3 бүлгийн дарга офицер болж ГАЗ-66 машин 1, УАЗ-2207 машин 1, мотоцикль-1, завь-3, усны өмсгөл 1, нийт 25 албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.