ДУНДГОВЬ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА
Дундговь аймгийн Онцгой байдлын газар нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн 1977 оны 644-р тогтоол, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1977 оны 8-р сарын 01-ний өдрийн 143-р тушаалаар “ Гал команд” нэртэйгээр офицер 2, ахлагч 28, бүгд 30 хүний орон тоотой ЗИЛ-130 /АЦ-40У/ гал унтраах үндсэн албаны автомашин 2, ус тээвэрлэгч ЗИЛ-130 автомашинтай аймгийн төвд анх байгуулагдсан.
БНМАУ-ын Засгийн Газрын 1991 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоол, аймгийн АДХГЗ-ны даргын 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 25 дугаар захирамжаар Гал түймэртэй тэмцэх алба, Монгол Улсын Засгийн Газрын 2004 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах штаб, 2005 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 48 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс, ОБЕГ-ын даргын 2015 оны 06 сарын 22-ны өдрийн Б/426 тушаалаар Онцгой байдлын газар болж офицер 18, ахлагч 34 хүний орон тоотой үйл ажиллагаа, гүйцэтгэх үүрэг нь жилээс жилд өргөжиж, орон нутагт гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэйгээр ажиллаж байна.
Тус газар нь гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд голлон анхаарч, гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлж, орон нутагт болзошгүй гамшгийн хохирлыг бууруулахад гол зорилтоо тавин ажиллаж байна.
Байгууллагын даргаар ажиллаж байсан хүмүүс:
1977-1991 он хүртэл хошууч Дагдангийн Содном /Гал командын анхны даргаар/
1991-2000 он хүртэл дэд хурандаа Дэлгэрцогтын Батсуурь /Гал түймэртэй тэмцэх албаны дарга/
2000-2004 оны 03 сар хүртэл хурандаа Нямцэрэнгийн Эрдэнэбаяр /Гал түймэртэй тэмцэх албаны дарга/
2004 оны 03 сараас 2005 оны 06 сар хүртэл дэд хурандаа Доосойн Батболд /Гамшгаас хамгаалах штабын дарга/
2005 оны 06 сараас 2011 оны 08 сар хүртэл хурандаа Чүлтэмийн Хүрэлтогоо /Онцгой байдлын хэлтсийн дарга/
2011 оны 08 сараас 2012 оны 12 сар хүртэл хурандаа Нямаасүрэнгийн Төмөрбаатар /Онцгой байдлын хэлтсийн дарга/
2012 оны 12 сараас хурандаа Ягааны Алтанхундага Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байна.
ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ АВРАХ, 25 ДУГААР АНГИ
Одоогоор Гал түймэр унтраах, аврах 25-р анги нь ангийн захирагч 1, салааны захирагч 3, жолооч 7, дуудлага хүлээн авагч-оператор 3, аврагч-гал сөнөөгч 16, Эрэн хайх аврах бүлгийн дарга 1, аврагч 3, аврагч жолооч холбоочин 1, Rosenbauer АТ гал унтраах үндсэн албаны автомашин-1, ТСВ- 8,5 тн ус тээвэрлэгч-1, шуурхай албаны LAND-200 маркийн автомашин-1, аврах зориулалтын Газель маркийн автомашин-1, УАЗ Фургон автомашин-1, ГАЗ-66 автомашин-1, ЗИЛ 131 автомашин-1, Трактор-1, бусад холбоо, мэдээллийн болон аврах зориулалтын багаж хэрэгсэлтэй ажил үүргээ гүйцэтгэж байна.
Жил бүр 2 доошгүй суманд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, 3-аас доошгүй суманд команд штабын сургууль, гамшгаас хамгаалах 9 алба, 4-өөс доошгүй аж ахуйн нэгж, байгууллагад аймгийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд сумын онцгой комисс, онцгой байдлын штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн иргэдийг сургаж дадлагажуулан бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэн ажилладаг.
Онцгой байдлын газар нь Онцгой байдлын ерөнхий газраас дэвшүүлсэн зорилго, зорилтыг бүрэн хэрэгжүүлж, ажилтан албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн хамгааллын асуудлыг дээшлүүлэхэд гол анхаарлыг тавин ажиллаж байна.
Гал унтраах техникийн олон төрөлт спортын мастерууд:
2003 онд дэслэгч Ганболдын Шинэхүү /салааны захирагч/ Монгол улсын спортын мастер, 2008 онд Олон улсын хэмжээний мастер
2004 онд ахмад Шатархүүгийн Батням /салааны захирагч/ Монгол улсын спортын мастер
2004 онд дэслэгч Баатарын Батжаргал /Зарлан мэдээлэл холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн/ Монгол улсын спортын мастер
2011 онд дэд хурандаа Гонгордоржийн Нармандах /Газрын орлогч/ Монгол улсын спортын мастер
2011 онд ахлах дэслэгч Баатархүүгийн Одбаяр /Эрэн хайх аврах бүлгийн дарга/ Монгол улсын спортын мастер
2011 онд ахлах ахлагч Шатархүүгийн Батсайхан /аврагч гал сөнөөгч/ Монгол улсын спортын мастер
2015 онд ахлах дэслэгч Ганболдын Шинэбат /Гал түймэр унтраах аврах ангийн захирагч/ Монгол улсын спортын мастер цолыг тус тус хүртсэн.
Тус Гал түймэр унтраах, аврах 25-р анги нь жилд 16 доошгүй галын дуудлага, бусад гамшиг ослын 26 доошгүй дуудлагаар гарч ажиллан, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг ханган ямар нэгэн зөрчил, доголдолгүй ард иргэдийн талархлыг хүлээн ажиллаж байна.
УЛСЫН НӨӨЦИЙН САЛБАР
Улсын нөөцийн салбар нь анх 1996 онд БНМАУ-н Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Хөдөө аж ахуйн яамны бүтцийн орон нутаг дахь нэгж Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн Удирдах газрын харьяанд байгуулагдан 1996 оны 10 дугаар сар хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын 1996 оны 40-р тогтоолоор мөн оны 10-р сараас Засгийн газрын шинээр байгуулагдсан хэрэгжүүлэгч агентлаг Улсын нөөцийн газрын, 2004 оноос Монгол Улсын Засгийн газрын мөн оны 51-р тогтоолын дагуу Онцгой байдлын ерөнхий газар /хуучин нэрээр Гамшигтай тэмцэх ерөнхий газар/ -ын харьяанд үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус салбар нь офицер-2, үйлчилгээний 10 хүний бүрэлдэхүүнтэй Улс оронд эдийн засгийн хүндрэл бэрхшээл, гамшиг, осол тохиолдсон үед зарцуулах үнэт зүйлсийг Монгол Улсын Засгийн газраас тогтоосон нэр төрөл тоо хэмжээнд чанар стандартыг алдагдуулалгүй хадгалж хамгаалах, сэлгэн шинэчлэх, нөхөн бүрдүүлэх үүрэг хүлээн суудлын автомашин-1, ачааны зориулалттай автомашин-1-тэйгээр Сайнцагаан сум /аймгийн төв/ Говь-Угтаал, Эрдэнэдалай сумдууд дахь цэгүүдээр үйл ажиллагаа явуулдаг. .
Тус салбар нь өөрийн аймгийн болон хөрш зэргэлдээ аймгуудын нутаг дэвсгэрт тохиолдсон байгаль цаг уурын удаа дараагийн бэрхшээлтэй нөхцөлд мал сүргийг өвс тэжээлээр тасралтгүй хангаж, байгалийн бэрхшээлийг малын гарз хохирол багатай даван туулахад бодитой хувь нэмрийг оруулж ирсэн бөгөөд одоо ч энэ үүргээ амжилттай хэрэгжүүлж байна.