Төв, орон нутгийн Онцгой байдлын газрын гал унтраах, аврах ангийн захирагч нарын нэгдсэн уулзалт, сургалт өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд эхэллээ.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2016 онд дэвшүүлсэн офицер бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадвар, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх зорилтын хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газрын гал унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтыг зохион байгуулж байна.
Уулзалт, сургалтад 21 аймгийн 50 гал унтраах, аврах ангийн захирагч хамрагдаж байна.
Нэгдсэн уулзалт, сургалтын нээлтэд ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Л.Болдбаатар, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Санхүү, хангалт үйлчилгээний газрын дарга, онцгой байдлын хурандаа Р.Дадам нар оролцлоо.
Уулзалт, сургалтад оролцогчдод гамшгаас хамгаалах болон гал түймэртэй тэмцэх тухай хууль эрхзүйн мэдлэг олгох, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гал түймэр унтраах аврах анги, орон нутгийн хамтын ажиллагаа болон удирдлагын манлайллын чиглэлээр хичээл, сургалтыг зохион байгуулж байна.
Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүс нутгийн төлөвлөгөө, Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн талаар ангийн захирагч нарт мэдээлэл өглөө.
Төв, орон нутгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах ангийн захирагч нарын нэгдсэн уулзалт, сургалтыг зохион байгуулснаар захирагч нар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон хууль эрхзүйн талаар мэдлэг эзэмших, харилцан туршлага солилцох, бусдаасаа суралцах, санал бодлоо солилцох чухал ач холбогдолтой болж байна гэж ангийн захирагч нар онцолж байна.
2016 онд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд Гал унтраах, аврах ангийн байцаагч, салааны захирагч нарын сургалтыг зохион байгуулна.