Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага, түүний дотор Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох Төв, орон нутгийн Улсын нөөцийн салбарын дарга нарын сургалт өнөөдөр эхэллээ.
Сургалтад төв, орон нутгийн Улсын нөөцийн салбарын 30 гаруй удирдах ажилтан хамрагдаж байгаа юм.
Сургалтыг нээж Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунубуян үг хэлсэн. Тэрбээр хэлэхдээ, Монголын үндэсний аюулгүй байдлын чухал салбар болох Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн болох Улсын нөөцийн салбар нь аливаа гамшиг ослоос учирсан хохирлыг шуурхай арилгах, сэргээн болгоход зориулагдсан улсын нөөцийн бараа, материалын бэлэн байдлыг хангаж ажилладаг туйлын хариуцлагатай, чухал алба болохыг онцоллоо.
Түүнчлэн ийм чухал албыг хариуцаж байгаа Улсын нөөцийн салбарын дарга нар гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах чиглэлтэй холбогдсон нөөцийн бараа, материал болон хандив тусламжийг холбогдох хуулийн дагуу хүлээн авах, хуваарилах, тээвэрлэн хүргэх ажлыг зохион байгуулахад хариуцлагатай байж, хяналт тавин ажиллахыг үүрэг болголоо.
Мөн төрийн албаны ёс зүйг чанд сахиаж, захирах, захирагдах ёсийг баримтлан, зохион байгуулалтад анхаарч ажиллахыг санууллаа.
Энэ сургалтаар төв, орон нутгийн Улсын нөөцийн салбарын дарга нарт 2017 оны зорилт, үйл ажиллагаа, цэргийн мэргэжлийн удирдлага болон удирдах ажилтны манлайлал, хөгжлийн хандлагын талаар шинэлэг мэдээлэл өгч, мэдлэг олгох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.